“Барса” Эзэн хааны цомд түрүүлж чадсангүй

O.Admin
2019-05-25

Испанийн цомын финалд “Барселона” болон “Валенсия” клубүүд тунаж үлдээд байсан. Өнгөрсөн шөнө хоёр баг цом булаалдаж, “Сарьсан багваахайнууд” өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авснаар энэ улирлыг цомтой өндөрлүүллээ. Харин “Барса” гурван цомын төлөө хүчтэй өрсөлдсөн ч Ла лигээс өөр түрүүгүй хоцорч байна.

Тоглолтын 21 дэх минутад Гамейро гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 33 дахь минутад Родриго нэгийг нэмжээ. “Барса”-гаас өнөөх Месси л 73 дахь минутад нэг гоол оруулсан ч ердөө нэр төрийн л бөмбөг байлаа. “Барса”-гаас  Суарез энэ тоглолтод оролцоогүй нь тодорхой хэмжээнд нөлөөллөө. Ийнхүү “Валенсия” эзэн хааны цомд түрүүлж, дотоодын супер цомдоо хоёр баг дахин өрсөлдөх нь.