Н.Түвшинбаяр мөнгө, Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-26

Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Өчигдөр манай хүнд жингийнхэн барилдаж, хоёр бөх медалийн төлөө өрсөлдсөн. +100 кг-д олимпын аварга Н.Түвшинбаяр финалдсан.

Манай бөх Солонгосын залуу жүдоч Ким Мин Жонтай финалдаж, мөнгөн медаль хүртлээ.  Тэрбээр өөрөөсөө толгой өндөр залуучуудтай урамтай сайхан барилдаж, харих болоогүй гэдгээ харуулсан юм. Тэгвэл -100 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Манай бөх хагас шигшээд Ирландын бөх Бенжамин Флэтчерт ялагдсан.  Харин хүрлийн төлөө Оросын Адамиан Арманыг ялж, медаль хүртлээ.

Ийнхүү Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр 11 дүгээр байрт шалгарлаа. Солонгосын баг тамирчид 4 алт, 2 хүрэлтэйгээр тэргүүлж, араас нь Япон 3 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэй удааллаа.