Италийн Сери А лигийн 38 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө болсноор 2018-2019 оны улирал дууслаа. Түрүүлэх нь нэгэнт тодорхой байсан “Ювентус” клуб сүүлчийн тойрогт “Сампдория”-гийн талбайд зочилж, 2:0-ээр хожигдлоо. Ингэснээр улирлыг 90 оноотой дуусгаж байна.
Тэгвэл өөрсдөө л хожиход гуравдугаар байрт шалгарах боломжтой байсан “Аталанта” клуб сүүлчийн тойрогт “Сассуоло”-г 3:1-ээр буулгаж авснаар 69 оноотой болж, ирэх жил Аваргуудын лигт оролцох боломжтой боллоо. Тоглолтын 35 дахь минутад Сапата гоолдож, тооны харьцааг нээсэн. Мөн энэ улиралд Сери А лигт 23 гоол орууллаа. Түүний араас 53 дахь минтуда Гомес, 65 дахь минутад Пашалич нэг нэгийг нэмжээ. Зочин багаас Берарди 19 дэх минутад гоолдсон ч 48, 85 дахь минутуудад Берарди, Маньянелли нар улаан хуудас авч, багаа хөөдсөн юм.
Интер клуб ч гэсэн сүүлчийн тойрогт хожих зайлшгүй шаардлагатай байсан. Тэр үүргээ ч биелүүлж, талбайдаа “Эмполи”-г 2:1-ээр хожлоо. Ингэснээр 69 оноотой дөрөвдүгээр байрт шалгарч, ирэх улиралд Аваргуудын лигт оролцох боломжтой боллоо. Тоглолтын 51 дэх минутад Кейта Бальде гоолдож, тооны харьцааг тэнцүүлсэн. Харин 76 дахь минутад Траоре хариуг нь барьж, зочид тэнцүүлж дөнгөсөн юм. Гэвч 81 дэх минутад Наингголан гоолдож, “Интер”-т Аваргуудын лигт өрсөлдөх боломжийг нээж өгсөн.
Алдарт “Милан” клуб сүүлчийн тойрогт хожоод, нөгөө хоёр багийн ядаж нэгийг нь оноо алдаасай гэж хүлээж байсан. Хожих даалгавраа ч биелүүлсэн. “СПАЛ” клубыг талбайд нь 2:3-аар буулгаж авч, 68 оноотой болсон юм. Гэвч өмнө нь байгаа хоёр баг оноо алдсангүй. Ийнхүү “Милан” ирэх улиралд Европа лигт өрсөлдөх нь.
Энэ улиралд “Эмполи”, “Фрозиноне”, “Кьево” клубүүд доод лиг рүү унахаар боллоо. Мэргэн буучийн жагсаалтыг “Сампдория” клубын Фабио Куальярелла 26 гоолтой тэргүүлж, “Аталанта”-гийн Дуван Сапата 23 гоолтой удааллаа. Түүний араас “Милан”-ы довтлогч Кшштоф Пионтек 22 гоолтой жагссан бол Роналдо Сери А лигт ирсэн эхний улиралдаа 21 гоол орууллаа.