Хүүхдийн хөлбөмбөгийн баяр боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-29

МХБХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-ыг /Грассрүүтс/ энэ удаа Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд зохион байгууллаа.

МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир Грассрүүт үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “МХБХ Грассрүүтс баярыг энэ удаа 79-р сургуульд хийх бүтээн байгуулалтын ажилтайгаа уялдуулж хотын захын дүүргийн оршин суугчид, хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байна. Цаашид нь грассрүүтс үйл ажиллагаа нь зөвхөн фестиваль зохион байгуулдаг биш, бүтээн байгуулалт хийдэг, хөлбөмбөгийн томоохон баяр болгохыг зорьж байгаа юм” гэв.

“АХБХ, МХБХ-ны Грассрүүтс 2019” фестивальд 8-10 насны 100 гаруй хүүхэд оролцож, нийт 400 орчим хүүхэд, эцэг эхчүүд үзэж сонирхлоо.  МХБХ-ны өндөр зэрэглэлтэй багш дасгалжуулагч нар, футзалын шигшээ баг, хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болон МХБХ-ны нийт хамт олон ийнхүү бяцхан хөлбөмбөгчин хүүхдүүдэд спортынх нь анхны алхмыг зааж өгөн хамтдаа нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөж, хөөрч догдолсон хүүхдүүд шинэхэн талбайгаа тэсэн ядан хүлээх хүлээлттэй боллоо.