Өнөө шөнө Аваргуудын лигийн финалын тоглолт болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-31

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт өнөө шөнө Испанийн Мадрид хотноо болно.  "Дэлдэн чихт"-ийг өргөхийн төлөө Английн хоёр баг болох "Ливерпүүл", "Тоттенхэм" клубүүд хоорондоо тулах юм. 

2008 онд Москва хотноо "Манчестер Юнайтед" болон "Челси" клубүүд хоорондоо цом булаалдаж байснаас 11 жилийн дараа Английн клубүүд аваргын төлөө өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.  Хоёр баг хагас шигшээд гайхалтай тоглолтыг үзүүлж, энэ тэмцээний түүхэнд үлдсэн. "Ливерпүүл" Испанийн алдарт "Барселона" клубын талбайд 3:0-ээр хожигдсон ч өөрийнхөө талбайд 4:0-ээр хожсон. Харин "Тоттенхэм" хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:0-ээр хожигдоод яваад эргэн эрэлт хийж, "Аякс"-ыг буулгаж авсан юм. 

Тэгвэл Аваргуудын лигийн финалд анх удаагаа хоёр баг таарч байгаа нь энэ.  Энэ улиралд хоёр баг премьер лигийн хүрээнд хоёр удаа таарч тоглоход "Ливерпүүл" өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон. "Ливерпүүл" сүүлийн 5 тоглолтдоо 4 хожиж, 1 тэнцсэн. "Барса"-гийн талбайд л нэг удаа хожигдсон бөгөөд хожлын хувь 80. Тэгвэл "Тоттенхэм" 3 хожигдож, нэг хожиж, нэг тэнцсэн. Хожлын хувь 26.  Хоёр баг сүүлийн таван удаа учраа таарахад "Ливерпүүл" 3 хожиж, 1 тэнцсэн. "Тоттенхэм" ердөө ганц л хожсон. Бүх статистик "Ливерпүүл"-ийн талд "үйлчилж" байна. Хоёр багтай холбоотой статистик мэдээллийг хүргэе. 

Ливерпүүл клуб  

-"Ливерпүүл" клуб Европын цом, Аваргуудын лигийн финалд 8 дахь удаагаа үлдэж байгаа нь энэ юм. Тэгвэл "Реал" Европын тавцанд финалд 16, "Милан" 11, "Байерн Мюнхан" 10 удаа үлдэж байжээ. 

-"Ливерпүүл" анх удаагаа Аваргуудын лигийн финалд хоёр жил дараалан үлдэж байна. "Манчестер Юнайтед" 2008, 2009 онд дараалж финалдаж, нэгэнд нь түрүүлж байсан юм. 

-Английн багууд Европын тавцанд финалд хоорондоо тоглож байгаа гурав дахь тохиолдол энэ ажээ. 1972 онд Европын цомын финалд "Тоттенхэм" болон "Вулверхэмптон" клубүүд үлдэж байжээ. Харин 2008 онд "Манчестер Юнайтед" болон "Челси" багууд тулж байсан. 

-Юрген Клопп дасгалжуулагчийнхаа замналд гурав дахь удаагаа Аваргуудын лигийн финалд гарч ирж байна. 2013 онд "Боруссия Дортмунд"-тай, 2018 онд "Ливерпүүл"-тэй гарч ирсэн. Гэвч түрүүлж чадаагүй. Тэгвэл гурван удаа Аваргуудын лигийн финалд гараад, түрүүлж чадаагүй дасгалжуулагч бол Марселло Липпи. Тэрбээр 1997, 1998, 2003 онд "Ювентус"-ын хамтаар Аваргуудын лигийн финалд хүрсэн ч бүгдэд нь хожигдож байжээ.  

-Трент Александер Арнолд "Ливерпүүл"-ийн гараанд гарч, тоглолтод оролцвол Аваргуудын лигийн финалд оролцсон хамгийн залуу хөлбөмбөгч болно.  

Тоттенхэм клуб 

-"Тоттенхэм" Аваргуудын лигийн финалд өрсөлдөх гэж буй Английн 8 дахь баг юм. Өмнө нь "Манчестер Юнайтед", Ливерпүүл", "Челси", "Арсенал", "Астон Вилла", "Лийдс Юнайтед", "Ноттингем" багууд финалдаж үлдэж байжээ. 

-Энэ улирлын Аваргуудын лигт "Тоттенхэм" эхний 15 минутад 7 гоол алдсан нь аль ч багаас их тоо юм.

-"Тоттенхэм" энэ жил анх удаа Аваргуудын лигийн финалд үлдлээ. Тэгвэл "Челси" 2008, "Арсенал" 2006, "Монако" 2004, "Байер Леверкузен" 2002, "Валенсия" 2000 онд Аваргуудын лигийн финалд анх удаа үлдэж байжээ. 

-