Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Аваргын төлөө Английн хоёр баг болох "Ливерпүүл" болон "Тоттенхэм" багууд хоорондоо тулж, цом булаалдлаа. "Ливерпүүл"-ийн хувьд өмнө нь 5 удаа Аваргуудын лигт түрүүлж байсан. Харин "Тоттенхэм" анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээний финалд шалгарсан юм.
Тиймдээ ч хоёр багийн ялгаа, зангараг харагдаж, "Ливерпүүл" аргагүй том баг шиг тоглож, өрсөлдөгчөө 2:0-ээр хожлоо. Ийнхүү "Улаанууд" 6 дахь удаагаа "Дэлдэн чихт"-ийг өргөж, Европын тавцанд энэ цомыг хамгийн олон авсан багуудын гуравдугаарт дангаар бичигдэж эхэллээ.
Тоглолтын дөнгөж 1 дэх минутад Сиссоко торгуулийн талбайдаа бөмбөгөнд гар хүрсэн. Улмаар Салах торгуулийн цохилтоос 2 дахь минутад гоол оруулснаар тооны харьцааг нээсэн юм. Клоппын залуус энэ үр дүнгээ удаан хадгалсны эцэст 87 дахь минутад Ориги гүйцээж, хожлоо баталгаажуулсан.
Энэ улирлын аваргуудын лигт "Ливерпүүл"-ээс Салах 5, Мане, Фирмино нар 4, Ориги 3 гоол оруулсан. Оригигийн оруулсан гурван гоолын хоёр нь хагас шигшээд, нэг нь шигшээ тоглолтод орсон юм.