Брунейн шигшээ баг өнөөдөр Монголд ирнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-03

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Монголын шигшээтэй тоглох Бруней Даруссаламын баг өнөөдөр 23:00 цагт Улаанбаатар хотод газардана. Бруней Даруссалам улсад одоо 30 хэмээс дээш халуунтай байгаа учраас шигшээ баг нь Монголд ирэхийнхээ өмнө БНХАУ-д нэгдсэн бэлтгэл хийж байгаад Улаанбаатар хотыг зорьж байгаа юм.

Нидерланд иргэншилтэй Робби Сервайс хэмээх залуу дасгалжуулагч 05-р сарын 13-нд Брунейн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, сар хүрэхгүйн хугацаанд багтайгаа ажлаад том сорилтын өмнө ирээд байна.

Сингапурын дээд лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй Бруней ДПММ /Brunei DPMM FC/ клубийн ихэнх тоглогчид шигшээ багтаа хүчин зүтгэнэ гэж байсан ч эсрэгээрээ хоёроос гурван тоглогч л Монголын эсрэг тоглохоор дуудагдсан аж.

Английн “Арсенал”, “Челси”, “Соутхэмтон”, “Лестер сити” клубүүдийн академид тоглож байсан хун тайж Файк Жефри Болки БНХАУ-д хийсэн хамтарсан бэлтгэлд очоогүй бөгөөд сүүлийн 23 тоглогч дунд нэр нь багтаагүй байна.

Брунейн Даруссалам улсын шигшээ 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Тайваньтай тоглож талбайд 0:1-ээр хожсон боловч өөрсдийн талбайдаа 0:2-оор хожигдож нийлбэр дүнгээр урьдчилсан шатанд багтаж чадаагүй. Түүнчлэн 2015 онд Монголын шигшээ багийг хоёр тоглолтод хожсон Зүүн Тиморыг 2018 оны “Сузуки цом”-ын хүрээнд талбайдаа 1:0-ээр хожиж байсан муугүй өрсөлдөгч билээ.

Дэлхийн чансааны 187-р байрт бичигдэж байгаа манай шигшээ баг энэ сарын 06-нд 17:00 цагаас 194-р байрын Бруней Даруссаламын багтай эхний тоглолтоо талбайдаа хийхээр бэлтгэлээ базааж байна.