“ТОКИО-2020” олимпийн наадамд чөлөөтийнхөнд 286  эрх олгоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-04

“Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын эрх олгох хамгийн эхний буюу гол тэмцээн есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ билээ. Нур-Cултаны дэвжээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг-ын жинд эхний зургаан байрт эзэлсэн буюу нийт 108 эрх олгоно.

Токиогийн олимпод бөхийн төрөлд 18 жинд нийт 286 тамирчинд эрх олгох бөгөөд 2020 оны гуравдугаар сард болох Ази, Европ, Пан-Америк болон Африк ба Далайн орнуудын эрх олгох тэмцээнээр жин тус бүрт хоёр, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрх олгох тэмцээнээр үлдсэн эрхийг өгөх юм байна.