Монголын шигшээ баг Брунейг 2:0-ээр хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-05

Монголын Хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн шигшээ багтай талбайдаа хийлээ. Хожсон нь урьдчилсан шатны тоглолтуудад оролцож, Азийн хүчирхэг шигшээ багуудтай тулах эрх авах чухал тоглолтод Монголын шигшээ баг эхний хожлоо авлаа.

Тодруулбал, манай шигшээ талбайдаа хийж тоглолтод даалгавраа сайн биелүүлж, өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан юм. Тоглолтын 9 дэх минутад Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 69 дэх минутад Н.Наранболд эсрэг багийн хамгаалагчдын алдааг ашиглаж, торгуулийн талбай дотроос гоолдож, багийнхаа хожлыг баталгаажууллаа.

Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 11-ний өдөр буюу 5 хоногийн дараа Брунейн талбайд болно. Энэхүү тоглолтод манай баг тэнцэхэд л ДАШТ, ААШТ-ий урьдчилсан шатны эрхээ авах боломжтой билээ.