Европын аваргын урьдчилсан шатны хүрээнд Испанийн шигшээ баг талбайдаа Шведтэй тулж, 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Испанийн төвийн хамгаалагч Серхио Рамос нэг гоол оруулсан билээ. Тэрбээр 65 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдсон.
Энэ нь түүний шигшээ багийнхаа төлөө оруулж буй 20 дахь гоол байсан аж. “Реал”-ын төвийн хамгаалалтын ноён нуруу болсон Рамос шигшээ багийнхаа төлөө 165 тоглолтод оролцохдоо ийн 20 дахь гоолоо оруулжээ. Ингэхдээ 6 гоолыг торгуулийн цохилтоос оруулсан аж. Мөн шигшээ багийн төлөө оруулсан гоолоороо Тельмо Заратай тэнцэж, бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын 11 дүгээр байрт бичигдэж байна.
Хамгаалагчдаас Рамосоос илүү гоолыг Фернандо Йерро л оруулсан. Тэрбээр Испанийн төлөө 29 гоол оруулж байж. Энэ үзүүлэлтээрээ Йерро мэргэн буучийн тавдугаар байрт бичигддэг аж. Рамосын хувьд шигшээ багийн төлөө сүүлийн 8 тоглолтод 7 гоол оруулсан байна.