Марта дэлхийн аваргын 17 дахь гоолоо оруулж, рекорд тогтоолоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

Францад үргэлжилж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож буй Бразилын шигшээ баг С хэсэгт Италийг 1:0-ээр буулгаж авлаа. Тэгвэл энэхүү тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 78 дахь минутад Марта торгуулийн цохилтоос оруулжээ. Ингэснээр тэрбээр эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад 17 дахь гоолоо оруулж, хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгч боллоо.

Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр 6 удаа шалгарч байсан Марта ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа нь энэ юм. Тэрбээр 2007 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ий "Алтан бөмбөг", " Алтан шаахай" шагналуудын эзэн болж байсан. Мөн Олимпийн наадамд дөрвөн удаа оролцож, хошой мөнгөн медаль хүртэж байв. Энэ жил 33 настай Марта энэ удаагийн ДАШТ-д булчингийн бага зэргийн гэмтэлтэй оролцож буй ч тоглосон хоёр тоглолтондоо хоёуланд нь гоол оруулсан.Марта Бразилийн шигшээ багт 17 жилийн турш 146 тоглолтод оролцохдоо 112 гоол оруулсан амжилттай байгаа юм.