Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн ням гарагт Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго барилдаан болсон билээ. Барилдаан 14:00 цагт эхлэх байсан. Гэвч Монголын Үндэсний бөхийн холбооны шийдвэрээс болоод нэг цагаар хойшилсон юм. Учир нь Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэж, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээж байгаа талаар мэдээлэл хийв.
Үүнийг нь бөхчүүд эсэргүүцсэн учраас барилдаан нэг цагаар хойшилсон хэрэг. Улсын аварга Ч.Санжаадамба барилдааны өмнө “Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд эсэргүүцэж байна.
Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Бөхчүүд энэ талаар эсэргүүцэж байгаа. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” хэмээн хэлсэн. Бөхчүүдийн эсэргүүцсэн учраас эрхээ хасуулаад байсан Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар энэ барилдаанд оролцоогүй. Бөхчүүдийн эсэргүүцдэг нь зөв. Монгол бөх хэдийнэ мэргэжлийн спортын хэмжээнд хүрсэн.
Дэлхийд аль ч спортод сэргээшийн төрлийн, хориотой эм бэлдмэл хэрэглэхийг хориглосон. Шударга өрсөлдөөн шаардаж байна гэсэн үг. Гэтэл Монголын үндэсний бөхийн тамирчдаас жил бүр л допингтой холбоотой асуудал гардаг болов. 2012 онд гэхэд Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын начин Б.Сугаржаргал нар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон талаар Бөхийн холбоо мэдээлэл хийж байгаа. Улсын арслан Х.Мөнхбаатар “Бэртэл гэмтлээ эдгээх гэж эм уусан, түүнээс л ямар нэг бодис илэрсэн байх” гэсэн тайлбар хийж байлаа. Мөн Бөхийн холбоо бөхчүүдийг сэргээш хэрэглэсэн гэж гүтгэж, харлуулдаг гэж ч хэлж байсан удаатай.
Энэ асуудал тэгсхийгээд өнгөрсөн. Цаашлаад Улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Цацавшир, аймгийн арслан Б.Гончигтавхай гэх мэтээр сэргээшийн асуудал үргэлжилнэ. Хүмүүсийн ой тойнд үлдэхээр шийтгэл ногдуулсан удаа байхгүй. Улсын наадмаар цол хүртсэн ч сэргээш хэрэглэсэн учир хоёр бөхийн цолыг хурааж байсныг эс тооцвол шүү дээ.
Сайндаа л чимэг хасаж, хэдхэн сар барилдах эрх хасах шийтгэл оногдуулаад өнгөрдөг байв. Харин БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд бөхчүүдээс барилдааны үеэр болон гэнэтийн шинжилгээг авсан. 2017 оны арванхоёрдугаар сар болон 2018 оны нэг, хоёрдугаар саруудад авсан шинжилгээнд 43 бөх хамрагдаж, таван бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан гэнэ.
Хамгийн том шийтгэл нь энэ гээд хэлчихэд буруудахгүй. Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын С.Майнбаяр тэргүүтэй таван бөхийн барилдах эрхийг 2018 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр хассан. Тэдний шийтгэл 2020 оны хоёрдугаар сард дуусах ёстой. Гэтэл саяхан Бөхийн холбооноос эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж, “толгойг нь иллээ”. Монголд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн толгойлсон нэг, “Гацуурт”-ын Л.Чинбат захирлын тэргүүлдэг өөр нэг холбоо бий.
Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргын тэргүүлдэг холбоо бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж, “толгойг нь илэв”. Монголын Үндэсний бөхийн холбооны албан ёсны фэйсбүүк хуудсанд “Дээрх бөхчүүд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн аж.
МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж, санал хурааж, олонхийн саналаар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ” хэмээн мэдээлжээ. Монголын бөхийн нэр төрийг эрхэмлэж явах ёстой хүмүүс сэргээш хэрэглэдэг юм уу. Тэгээд уучлал гуйлаа гэхээр эрхийг нь сэргээх хэрэгтэй юу.
Өнөөдрийг хүртэл сэргээшийн асуудалд орооцолдож, шийтгэл амсч байсан бөхчүүд яах болж байна. Бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж, шударга өрсөлдөх боломжийг хангаж өгөх ёстой холбоо нь бутарчихсан, хоёр хүн эрх мэдлээ булаалдсан байдалтай байгаа. Өчигдөр Б.Бат-Эрдэнэ аваргын тэргүүлдэг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав хурал хийж, яагаад бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн талаар мэдээлэл хийв. Түүний өгч байгаа мэдээллээр бол Л.Чинбатын тэргүүлдэг холбоонд харьяалагдаж байгаа яруу найрагч Ү.Хүрэлбаатар тамирчидтай зөвшилцсөн гээд шүүх хуралд хариуцагч талаар оролцсон аж.
Тиймээс шүүхээс нэгэнт МҮБХ-той зөвшилцсөн бол барилдуул гэсэн шийдвэр гаргажээ. Тэр шийдвэрээ Б.Бат-Эрдэнэ аваргын тэргүүлдэг холбоо руу явуулж, бөхчүүдээ барилдуул гэж шахаад байгаа гэнэ. БСШУС-ын сайдаар тушаалаар допингийн эсрэг төсөл хэрэгжүүлээд, бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. Нэр бүхий бөхчүүд шинжилгээнд бүдэрч, тавынх нь эрхийг хоёр жилээр хассан. Энэ шийдвэрт шүүх оролцох үндэслэл байхгүй гэдгийг Ц.Магалжав заан хэлнэ билээ. Гэтэл шүүх оролцоод, бөхчүүдээ барилдуул гэж шахаад л.
Нэг холбооных нь нөхөр хариуцагчаар очоод, “Бид зөвшилцсөн” гэж хэлээд, шийдвэр гаргуулаад. Нөгөө холбооных нь УЗ-ийн 15 гишүүн хуралдаж, найм нь барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргаад. Ийм дампуу байж болохгүй ээ. Хоёр холбооны аль нь албан ёсных болохыг шүүх шийдээгүй байгаа. Захиргааны хэргийн шүүх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэр хугацаандаа хоёр холбооны хоёулангийнх нь эрхийг түдгэлзүүлчихсэн. Аль нь ч бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх эрхгүй гэсэн үг.
Гэтэл Ц.Магалжав заан “Шүүхийн шийдвэр гараад, бөхчүүдээ барилдуул гээд шахаад байгаа учраас манай холбооны УЗ хуралдаж, найм нь барилдуулахаар дэмжсэн. Бид залуусаа тодорхой хэмжээнд дэмжих ёстой” гэж яриад сууж байх юм. Наадамд барилдахдаа сэргээш хэрэглэсэн бол цол, чимгийг нь хураагаад, барилдах эрхийг нь хасна. Бусад үед сэргээш хэрэглэсэн бол зөвхөн барилдах эрхийг нь хасаад, хүсэлт гаргавал хугацаанаас нь өмнө сэргээж болох юм уу.
Сэргээш хэрэглэсэн л бол ямар ч тохиолдолд ядаж дөрвөн жил эрхийг нь хасдаг байв. Гэтэл хоёр холбооны дунд хошуу унжуулж гүйж байгаад сэргээш хэрэглэсэн бөхчүүд завшиж байна. Дээрээс нь нутаг усаараа ялгараад, жалга довны үзэл гаргаж, шийтгэлтэй бөхийг барилдуулж байгаа нь ч зүйд нийцэхгүй. Ө.Бат-Орших гарьд, Улсын начин Э.Даш нар нутгийнхаа галын нэрэмжит барилдаанд гарч барилдсан. Сая Ховдын бөхийн нэрэмжит сорилго барилдаан болоход Б.Пүрэвсайхан заан барилдах гэж оролдох жишээтэй. Харин бөхчүүд өөрсдөө эсэргүүцэж байж болиулав.
Эрх нь сэргэсэн гээд байгаа таван бөхийг улсын баяр наадмаар барилдуулах эсэхийг Баяр наадмын комисс мэднэ гэх асуудлыг өчигдөр Ц.Магалжав заан ярилаа. Тэд барилдуулна гэж шийдээд, шүүхийн шийдвэрийг дагана гэвэл, энэ шийдвэрийг нь бөхчүүд эсэргүүцээд, улсын баяр наадмын барилдаан цагтаа эхлэхгүй бол яах вэ. Ер нь бөхчүүдийн эсэргүүцэж байгаа нь зөв. Ямар ч спортод шударга өрсөлдөөн хэрэгтэй. Тиймээс Ө.Бат-Орших харцага аа, Б.Пүрэвсайхан заан аа, сэргээш хэрэглэсэн чинь үнэн, шийтгэлийнхээ хугацааг нэр төртэй дуусгачих. Наадамд барилдана гэж чичрээд, улсын наадмын барилдаан гацаагаад байв.