“Африкийн цом” тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө хэсгийн тэргүүн баг Египетийн шигшээ Ардчилсан Конго улсын багтай тоглож, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, Египет хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 25 дахь минутад Аль-Мухамадди гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Салах 43 дахь минутад нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ.
Нөгөө талд Уганда болон Зимбабвегийн шигшээ хоорондоо тулж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Уганда 4 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Зимбабвегийн шигшээ эхний оноогоо авсан. Тоглолтын 12 дахь минутад Угандагаас Окви гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 40 дэх минутад Биллиат хариуг нь барьж, тэнцүүлжээ.