ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тэрбишдагва: УИХ-ын гишүүний тоог 108 болгох Ерөнхийлөгчийн санал зөв байсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  Үндсэн хуулийн өөрчлөлт асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өгсөн 108 гишүүнтэй болох, таван жилээр сонгогдох саналыг хүлээж авсангүй. Бүр 99 гишүүнтэй байх ч шаардлагагүй гэж үзэж. Яагаад ийм шийдвэрт хүрэх болов?

-Учир шалтгааныг нь намын бүлгийн дарга, намын даргаас асуусан дээр байх. Би өөрийнхөө хэлэх гэсэн санаа, судалсан зүйлийг намын бүлгийн хурлын үеэр аль болох ойлгуулж,  зөв гэдгээ батлах ёстой гэж боддог. Дандаа би гээд байж болохгүй. Өөрийнхөө бодлыг 100 хувь ойлгуулж чадахгүй, эсвэл тэр нь буруу байгаа тохиолдолд гомдоод, гоншигноод, миний саналыг дэмжсэнгүй гэж эсэргүүцээд байх шаардлагагүй. Олонхийн саналаа дагаад явах ёстой гэдэг л зарчимтай хүн. Өчигдөр намын бүлгийн шийдвэр тэгж гарсан. 

Миний байр суурь эхнээсээ л арай өөр байсан. 62 гишүүн төсөл өргөн барихад би Д.Лүндээжанцан гишүүнд “Би гарын үсгээ зурна. Гэхдээ зарим зүйлтэй санал нийлэхгүй байгаа. Яах вэ” гэж асуусан. Хэлэлцүүлгийн явцад саналаа тусгаад явж болно гэсэн учраас гарын үсгээ зурсан. Тиймдээ ч би тодорхой байр сууриа илэрхийлж байгаа. Зарим гишүүд УИХ-ын гишүүний тоог нэмэх, хугацааг 5 жил болгохыг эсэргүүцэж байгаа юм билээ. Янз бүрийн л шалтгаан хэлж байна. Парламентын түүхийг, бусад орны жишгийг, өөрийнхөө улсын парламентын нүүр царайг харахад, сахилгатай, хариуцлагатай болгож, бэхжүүлэх шаардлага байна. Энэ маш чухал асуудал. 

Би 2004 онд сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан. Түүнээс хойш харахад, жил ирэх тусам л гишүүд биеэ тоож, өөрийгөө ихэд боддог болсон. Уг нь ардтүмний элч, төлөөлөгч шүү дээ. Гэтэл хэтэрхий дураараа авирлаж, юу ч хийж болно гэж боддог болсон.  Хулгайн зэлгий, тусгай зөвшөөрөлтэй нэр холбогддог асуудал гээд олон л зүйл бий. Тэр болгоноос харагдаж байна. Бид өөрсдийгөө баллаж байгаа. 76 гишүүн замбараагүй болсноос үүдэж засаг төр тогтворгүй болдог ч асуудал гарч байна. Тиймээс би жижиг мажоратор систем, томсгосон тойрог хоёрыг хослуулж, сонгууль явуулах нь зөв гэж үздэг. Бусад орны жишгийг хараад үзсэн ч гэсэн. 

2012 онд би бүх намын даргыг лидер үү, лодер уу гэдгээ шалга, нэрсийн жагсаалтад битгий ор, тойрогт очиж өрсөлд гэж уриалж байсан. Гэвч бүх намын дарга нэрсийн жагсаалтын ард нуугдсан. Ерөнхийлөгчийн өгсөн санал бол 54 гишүүн нь жижиг мажоратор системээр, үлдсэн нь бүх ард түмнээс сонгогддог байх. Энэ маш зөв санал гэж би үзэж байгаа. Үүнийг олон хүн тоо нэмнэ гэхээс айгаад хэлж чадахгүй байна.  Ард түмнээс сонгогдох 54-т элдэв асуудалд нэг холбогдоогүй, хувийн бизнесгүй хуульчид, судлаачид, залуучуудыг өрсөлдүүлдэг байвал болох юм байна гэж бодож байсан. Гэвч манай намынхан дэмжихгүй байна. 

-Ард түмэнд таалагдахын тулд танай намынхан зоригтой шийдлүүдээ хийж чадахгүй байгаа юм биш үү?

-Тэрийг намын удирдлагуудаас асуусан дээр байх. Гэхдээ иргэдийн 90 хувь нь гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийн хугацааг нь 5 жил болгохыг эсэргүүцэж байгаа юм билээ. Нэгэнт иргэд тэгж байгаа бол хүлээн зөвшөөрөх ёстой. Ер нь ард иргэдэд зөв тайлбарлаад ойлгуулах юм бол 108 гишүүнтэй болно гэдэг хэдхэн хүний төсөв санхүүгийн асуудал ч биш юм. 76 гишүүнтэй болохоор ердийн олонх буюу 39 хүн л хууль хэлэлцдэг. Түүнээс 20 хүн нь хуйвалдаапд засаг төр, хууль дүрмээр оролдох боломжтой. Ийм учраас гишүүдийн тоог нэмэх нь буруу биш гэж бодож байгаа. Гэвч нэгэнт намын шийдвэр учраас хүлээн зөвшөөрөхгүй гээд яах билээ.  

-Ерөнхий сайд  танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлдэг байх саналыг танай намынхан эсэргүүцэж, унагасан юм билээ. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхий сайд нь өөрийнхөө танхимыг бүрдүүлдэг дэлхийн жишиг байна шүү дээ. Тэр жишгээр Ерөнхий сайд нь хариуцлагаа хүлээдэг, танхимаа бүрдүүлдэг байвал зүгээр. Танхимаа бүрдүүлэхдээ УИХ-ын гишүүдээсээ сонгох уу, гишүүн бус хүн авах уу гэдгээ өөрөө шийдэх ёстой  гэсэн байр суурьтай байгаа, би. Гэтэл манайхан Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болно, бусад нь болохгүй гээд байдаг. Ард түмний итгэлийг аваагүй, төлөөлөл нь болоогүй Засгийн газрын гишүүн болбол тэр Засгийн газар хэврэг болно гэж би үзэж байгаа. Гэвч олонхи нь л “давхар дээл”-ийг эсэргүүцээд байна. “Давхар дээл” гэдгийг бараг л хуулийн хэллэг болгох нь холгүй яриад байдаг. Хэдэн ч “давхар дээл”-ийг сэвхийтэл үүрээд явж байгаа ч хүн байна. Ганцхан УИХ-ын гишүүний албаа олигтой хашиж чадахгүй, бүдэрч унаад, янз бүр болоод яваа ч хүн байгаа биз дээ. Хамгийн гол нь чадварлаг ажилдаа туршлагатай хүнийг сонговол хэдэн ч алба зэрэг хашаад явах боломжтой гэж би үзэж байгаа.