ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энх-Амгалан: Д.Жигжиднямаад холбогдох хэргийг шалгаж байгаа гэх нэг ч бичиг надад ирээгүй

O.Admin
2020-01-22

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр, төрийн байгууллагын нэр ашиглан Сонгуулийн хууль зөрчиж сонгогчиддоо гэр тараасан гэх асуудалд нэр холбогдоод байгаа билээ. 

-Таныг УИХ-ын сонгуулийн хууль зөрчиж тойргийнхоо сонгогчдод гэр тараасан гэх асуудал яригдаж байна. Үүнд тайлбар өгөөч? 

-“News.mn” сайтад ИНЕГ-ын удирдлага тайлбар өгчихсөн байна билээ. Ер нь надад гэр орон олгооч, амьдрал ахуйд туслаач гэсэн өргөдөл маш их ирдэг. Би боломжийнхоо хэрээр тусалдаг. Мэдээж төсвийн мөнгөөр туслахгүй. Амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон, олон хүүхэдтэй хүмүүст сайн санаат хүмүүс, найз нөхдийнхөө дэмжлэгээр тусалдаг. Таван гэр хүнд олгочиход 50 хүн гомдолтой үлддэг юм. Гэхдээ тэр хүмүүст маш их хэрэгтэй байдаг учраас л би туслахыг хичээдэг юм. Иргэний нисэхийн ерөнхий газраас өөрөөс нь асуу. Өөрсдийнхөө ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх арга хэмжээнд нь бол би очсон. Гэхдээ шийдвэр гаргахдаа яаж гаргасныг мэдэхгүй. ИНЕГ-т чиглэл үүрэг өгөөд тэндээс гэр орон аваад хүнд тараасан зүйл байхгүй. Сайдын тушаал захирамж ч гараагүй. Хэрвээ ИНЕГ-ын дарга нар хариуцлага алдаж, хууль зөрчсөн бол түүнийг шалгуулж болно. 

-“УБТЗ”-д УИХ-ын гишүүд өөрийн танил тал, ах дүүгийн хүмүүсээ шахсан гэх асуудал яригдаж байгаа. Дэд сайдын гарын үсэгтэй 10 гаруй хүн байдаг гэх. Өнгөрсөн хугацаанд ажлаас халсан хүний тоо 210-д хүрсэн байна шүү дээ. Та энэ асуудлыг мэдсэн үү? 

-Би ажил, албан тушаалаа авснаас хойш нэг ч хүн халж, солиогүй. Улаанбаатар төмөр замтай холбоотой асуудлаар тушаал гаргадаг хүн нь Д.Жигжиднямаа дарга шүү дээ. Тэр хүнээс та асуугаарай. Москвагаас ирчихсэн байгаа. Би тодруулсан, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ер нь аливаа зүйлд та бүхэн баримттай зүйл ярьж сурмаар байна. Би энэ байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Хувь нийлүүлэгчдийн нийгэмлэгийн Монголын талын дарга мөн. Гэхдээ тэнд боловсон хүчний халаа сэлгээ хийсэн зүйл байхгүй. 

-Та энэ хүнийг улираан томилж өгөөч гэдэг бичгийг Ерөнхий хороонд явуулсан юм билээ. Яагаад авлига, албан тушаалын хэрэгт шалгуулж байгаа хүнийг улираах санал өгсөн юм бэ? 

-Шалгуулж байгаа юм уу. АТГ-аас надад бичиг ирүүлээгүй. АТГ болоод Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ хүн эдийн засгийн гэмт хэрэгт шалгуулж байгаа гэдэг бичиг ирүүлэх ёстой. “Түдгэлзүүлнэ үү, түр чөлөөлж өгнө үү, эсвэл шалгах шаардлагатай” гэсэн нэг ч бичиг надад ирээгүй. Хүнийг сургаар гүтгэж болохгүй. Авлига авчихсан нь баримттай юм бол шалгах ёстой. Тэгвэл маргааш нь л чөлөөлчихнө. Одоо хэвийн ажлаа хийгээд явж байна. Д.Жигжиднямаа гэж хүн мэргэжлийн хүний хувьд УБТЗ-ын шинэчлэлийн ажилд идэвхтэй оролцож байгаа. Тус байгууллага энэ жил түүхэндээ анх удаа газрын асуудлаа бүрэн шийдүүлж, гэрчилгээтэй болголоо. Өрийнхөө асуудлыг шийдлээ. Дахиад зээл аваад өөрөө, өөрийгөө аваад явах боломж, бололцоо бүрдсэн. Оросын талтай нягт хамтран ажиллаж, шинэ төмөр зам дээр Оросын талаас рейс авах гэрээгээ хийгээд дуусчихлаа. Шинээр вагон худалдаж авна. Ачаа тээврийн эргэлтээ дийлэхгүй байна шүү дээ. Ер нь бид энэ жил 28 сая тонн ачаа тээврийн эргэлт хийлээ. Энэ бол түүхэнд байхгүй амжилт. Цаашдаа ч нэмэгдэх учраас хөдлөх бүрэлдэхүүн хэрэгтэй, техникийн шинэчлэл явуулах, замаа засах шаардлага байгаа. 

-Авлига авсан гэх Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэний асуудлаар ямар шийдвэр гаргах вэ, та? 

-Би энэ талаар мэдэхгүй байна. Надад хуулийн байгууллага мэдээлэл өгөөгүй. 15-17 жил ажилласан, салбартаа танигдсан, мэргэжлийн инженер техникийн ажилтан гэдгийг би хүмүүст хэлээд байгаа юм. Төрийн албаны жинхэнэ албан хаагч учраас юу болох, болохгүйг мэдэх хүн. Ийм хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол хуулийн байгууллага тодорхойлоод өгөх хэрэгтэй. Бусаддаа жишиг болох хэрэгтэй шүү дээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол хариуцлагаа хүлээх ёстой юм. Төрийн хуулийн буулганд орно гэдгээ мэдэж байгаа шүү дээ. Бид асуудлыг ярьж байгаа. Энэ бол хувь хүмүүсийн л асуудал шүү дээ. 

Б.Эрхэс