ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ: Богино хугацаанд бага зардлаар бүх замаа засна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-05

Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Зам засварт Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан. Зам засварын ажил хэзээнээс эхлэх вэ?

 -Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн авто замын шинэчлэлийг хийнэ. Улаанбаатар-Дархан хүртэлх замыг суурийг нь хүчитгэх сайжруулах, өргөнийг нь хааш, хааш нь метрээр өргөтгөж байгаа. Зарим эргэлт, тойрогт засварыг сайжруулна.

-Энэ ажил хэзээ дуусах вэ?

-УИХ-аас батлагдсан. Ерөнхий гэрээ нь хийгдсэн. Зээлийн хугацаа нь нэлээд урт. Азийн хөгжлийн банкнаас шийдвэр нь саяхан гарсан. Дахин Засгийн газраар орох ёстой. Дараа нь зохих ёстой компаниудад сонгон шалгаруулалт явуулна. Ирэх жилийн хавраас ажил нь эхлээд явах байх.

-Олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ. Зөвхөн нөхөөд, шинэчлээд өнгөрдөг. Нөгөө зам нь хэдхэн жилийн дараа дахин засвар хийх, нөхөх хэмжээнд асуудал яригддаг?

-Арвайхээр чиглэлийн авто зам бий. Энэ зам маш муу. Энэ онд их засварт оруулах гээд мөнгө хүрэлцэхгүй байна. 2018 оны төлөвлөгөөнд оруулж чадсангүй. 2019 онд төсвийг суулгана. Хэрвээ мөнгөтэй бол бүх замаа сайхан засчихмаар байна. Байгаа мөнгөндөө тааруулахаас өөр аргагүй. Налайх чиглэлийн зам маш муудсан. Бид бүх тооцооллоо хийж байгаад 1500 км замыг хаана нь засвар хийх үү, хаана нь шинэ зам барих уу  гэдэг дээр ажиллаж байна. Бид Улаанбаатар хотоо аймгуудтай холбох маш том зорилт тавьсан. Энэ жил өнөөдөр биелэлээ олоогүй явна. Тиймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх болчхоод байна. Богино хугацаанд бага зардлаар бүх замаа засах ёстой.

-Төрийн өмчийн 20 гаруй компани хувьчлагдахаар бэлтгэгдэж байгаа. МИАТ хувьчлалд бэлэн үү?

-Хувьчлах ёстой гэдэг бодлогоо гаргаж тавьсан. УИХ-аар хувьчлах үгүй нь шийдэгдээд явна. Хэрвээ хувьчлахаар бол үнэлгээг дахин хийнэ. МИАТ-ын хувьчлалд менежментийн хувьчлал гэж ярьсангүй. Хөрөнгө оруулагч гэсэнгүй. Хамгийн зөв хувилбар болох Хөрөнгийн биржээр арилжаална гэж байгаа. Энэ хэлбэрээр явна. Үнэ ханшны хувьд хардлага байгаа. Олон улсын экспертүүд явж, үнэлгээ хийнэ. Тэгж байж зах зээлд гаргана. Одоогоор зөвхөн тухайн компанийн танилцуулга явж байна.