Хүүхдийн төлөө та энэ ажлыг дэмжээд өгөөч хэмээн хүсэлт тавьсан хүүхдийн байгууллагын ажилтны өмнөөс “Хүүхэд сонгуульд санал өгдөггүй юм шүү дээ, миний дүү” гэж хэлээд гарч одсон нэгэн улстөрчийн талаар танил маань ярьж байсныг өчигдөрхөн сэдэв болгон хөндөж, уншигч танд хүргэсэн билээ. Социализмын үеэс хойш санал өгдөггүй хэмээн эрхээ зөрчүүлж, хөгжих эрх нь орхигдсон хүүхдийн төлөө өчигдөр Монголын төр “ЗА” гэж хэллээ.
Өмнө нь ямар ч Засгийн газар хүүхдийн төлөө гэсэн шийдвэрийг ингэж олноор багцлан гаргаж байсан удаагүй юм. Тодруулбал, хүүхдийн гэх тодотголтой бүх л газрууд хаалгаа барьж, цөөн хэдхэн тоглоомын төв, улсдаа ганцхан паркид тоглохын тулд өдөржин очерлодог байсан Монголын сая гаруй багачуудын төлөө Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ түүхэн шийдвэрүүдийг гаргасан юм. Хүүхдийн төлөө жинхэнээсээ “ЗА” гэж хэлж чадсан Ерөнхий сайд байж чадлаа.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас хүүхдийн төлөө гаргасан багц шийдвэрээс дурдвал,
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд иж бүрэн засвар хийж, дахин энэ бүсэд нэг ч газар эзэмших зөвшөөрөл олгохгүй. Найрамдал-2 зусланг Хөвсгөл аймагт барина.
-ЭХЭМҮТ-д иж бүрэн засвар шинэчлэл хийх төсвийг ирэх оны төсөвт суулгах
-Хүрээ амаржих газарт иж бүрэн засвар, шинэчлэл хийх төсвийг ирэх оны төсөвт суулгах
-Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг хууль бусаар авсан хүнээс нь эргүүлэн авч, хүүхэд залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын газар болгож тохижуулах
-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Соёлын ордныг “Хүүхэд залуучуудын театр” болгох
-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын дагуу л ашиглах, тэнд зориулалтын бусаар газар эзэмшсэн хүмүүсийн зөвшөөрлийг цуцлах
-Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, хоол үйлчилгээгээр алдартай байсан “Бамбарууш” кафег эргэж нээх гэсэн долоон шийдвэрийг гаргажээ.
...Улмаар, гаргасан шийдвэрээ эдгээр газрууд дээр өөрийн биеэр очиж дуулгасан учраас төрийн бодлого, тогтоол шийдвэр нь зөвхөн цаасан дээр үлдэхгүй, хөрсөн дээрээ ажил болж чадах юм байна гэсэн итгэл төрж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажлаа авсныхаа дараа “Миний хувьд давс мэт гашуун, шорвог шийдвэр олныг гаргана. Дараа нь ямар нэг эрсдэл, хариуцлага ирэхээс айхгүй” хэмээсэн. Тэгвэл хүүхдийн төлөө тэр чихэр мэт амттай, нөгөө талаар төрийн дээр “сандайлсан” хүмүүст давс мэт шорвог санагдах шийдвэрийг гаргав.
Тухайлбал, Хүүхдийн паркийн газарт эзэн суусан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүтэй хүмүүс, Жуковын талбайн хойд талыг хашчихсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нар, “Найрамдал” зуслангийн газраар олон жил бизнес хийсэн хүмүүст түүний гаргасан шийдвэр давс мэт шорвог байх учраас дайралт ирэх нь ч тодорхой биз.
Гэвч хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлсэн түүхэн шийдвэрээсээ нэг алхам ч битгий ухраарай хэмээн мянга, мянган хүүхдүүд, мянга мянган эцэг эхчүүдийн өмнөөс хүсэж байна, Ерөнхий сайд аа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хүүхэд хамгааллын бодлогыг хангалттай ярьсан атлаа хүүхдээ хөгжүүлэх, хүүхдийн соён гэгээрэх эрхийг таг мартсан байсан. Тиймдээ ч хүүхэд эцэг эхийгээ дагаж гараад орж тоглох олигтой тоглоомын төв, соён гэгээрэх, хөгжих театр, музейгүй олон жил явсан. Харин Ерөнхий сайдын шийдвэрийн үр дүнд хүүхдүүд өөрийн гэсэн театртай болох нь ээ.
Харин маргааш тэдний төлөө музей байгуулах шийдвэр гаргаж өгөөч гэж таниас мөн хичээнгүйлэн хүсэж байна. Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг бий болгохын төлөө Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ажиллаж, Монголын мянга, мянган бяцхан үрс өөрийн гэсэн музейтэй, соёл урлагаар хүмүүжих театртай, очоод тоглох парктай, эрүүл саруул мэндлэх төрөх эмнэлэгтэй байна гэдэг юу юунаас чухал юм. Ийм л энгийн хэрэгцээг нь сонгуульд санал өгдөггүй учраас төр мартаж ирснийг эргэн санаж чадав. Монголын хүүхэд бүхэн төртэй гэдгээ, тэднийг хамгаалах бодлоготой гэдгийг энэ өдөр эргэн санасан байх. Хүүхдийн баярын хамгийн том бэлэг болж чадсан нь дамжиггүй.