Энэ сарын 25-ны өдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд болон сайд нарт өгчээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг үүрэг даалгаврыг биелэлтийг хэлэлцсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Баяр ёслолын үеэр бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Агаарын бохирдлын асуудлаар цоо шинэ реформ хийх учраас хуучин зүйлтэйгээ зууралдахгүй. Хуучин түлшээ хэрэглэхгүй цоо шинэ түлш хэрэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар дотоод, гадаадын эрдэмтдээс ирсэн саналыг хэлэлцэж, үнэ өртгийг тооцохоос гадна тооцоо судалгааг нарийн хийнэ. Бид 30 жилийн алдаагаа давтахгүй. Агаарын бохирдолд олон тэрбум төгрөг зарцуулсан атлаа үр дүн гараагүй учраас тооцоо судалгааг маш сайн хийнэ. Өнөөдөр мөрдөж байгаа стандартууд хүний биед хортой, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөхгүй байгаа учраас стандартуудыг шинэчилнэ.
Засгийн газрын сайд нар Тавантолгой түлш компани дээр өөрсдөө очиж, туршилт хийж үзнэ. Хамгийн том бохирдол үүсгэж буй түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдийн асуудлыг яаралтай шийднэ. Агаарын бохирдлын 20 гаруй хувийг эзэлж буй автомашины түлшний асуудлыг мөн нэн яаралтай шийдэх талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам ажиллана. Бээжин хотын агаарын бохирдлоос салсан туршлагыг мөн нэвтрүүлнэ.
Өнөөдөр 14.00 цагаас Цаг уур орчны шинжилгээний газарт агаарын бохирдлын асуудлаар нийслэлээс хэвлэлийн хурал зарласан. Улаанбаатар хотод 2010 оноос хойш тараасан зуухнууд эвдэрсэн, тал талаас нь утаа саагиж байгаа учраас эдгээрийг шинэчлэхээс өөр аргагүй. Хэсэг бүсийг утаагүй бүс хэмээн зарлаж хийн түлш хэрэглэх гэх мэтээр туршилтууд явуулна. Түүхий нүүрс хэрэглэж байгаа эмнэлэг, сургууль цэцэрлэгүүд цөөнгүй байгаа. СЭМҮТ гэхэд 1960 оны хуучны зуухаа өнөөдрийг хүртэл ашиглаж байх жишээний. Тэднийг төвийн халаалтын шугамд холбох, сайжруулсан түлш, газ хэрэглэх зэргээр халаалтын асуудлыг өөрчилнө” хэмээн мэдэгдлээ.
Мөн "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшний орц, найрлагыг шинжлүүлэхээр БНСУ, БНХАУ, Япон улсад шинжилгээнд явуулахаар болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ. Дотоодын лабораториудад шинжилгээ хийсэн ч хүний биед хоргүй, шаардлага хангасан гэх хариу гарсан учраас үүнийг баталгаажуулахаар дахин гадагшаа шинжилгээнд явуулжээ.