ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Есөн сэтгүүлчийг тагнасан асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-09

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл соошл орчинд тархсан ч эх сурвалж нь тодорхой болоогүй. Улмаар, Нийслэлийн прокурорын байгууллагаас өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээлэл хийж, сэтгүүлчдийг тагнаж чагнасан цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл хийж байв. Тэгвэл тухайн өдөр МСНЭ-ийн удирдлагууд мэдээлэл хийж, үнэхээр ийм ноцтой асуудал байгаа бол шалгуулна, бодит мэдээллийг авна хэмээн мэдээлэл хийсэн.

Тэгвэл МСНЭ-ийн удирдлагуудын явуулсан албан бичигт НПГ-аас хариу ирүүлжээ. Уг албан бичигт 'Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлд 'Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй” гэж заасан.

Мөн хуулийн 58 дугаар зүйлд 'Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг шалгах, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн хэрэгбүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар тухайлсан мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй байгааг мэдэгдье” гэсэн хариу өгчээ.