Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус боловсруулж, ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хуулийн төслийг эрдэмтэн, судлаач нараар хэлэлцүүллээ. УИХ-аас 2024 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталж, 7 бүстэйгээр хөгжүүлэх шийдвэр гаргасан. Уг бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээр тус хуулийн төслийг шинэчлэн найруулж байна.
2023 онд манай улсын нийт хүн амын 37.2 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байсан бол 2025 онд энэ тоо 50 хувьд хүрч өссөн. Харин идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 69 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 62.8 хувиас 70.0 хувь хүрч нэмэгдсэн нь хүн ам, эдийн засаг, нийгмийн үйлчилгээний хэт төвлөрөл бий болж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэж байна. Тиймээс Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бүс, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно.
Бүсчилсэн хөгжлийг дан ганц аймаг, сум хоорондын хөгжлийн асуудал гэж харах бус олон улсын дамжин өнгөрөх транзит тээвэр болгон хөгжүүлж, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны идэвхтэй бүс болгох нь чухал байна. Тухайлбал, бид ганцхан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тэнхлэгээр ачаа тээврээ явуулж, хоёр хөрштэй холбогдож байна. Гэтэл хөрш хоёр орон асар хол замуудаар хоорондоо холбогдож худалдаа явуулж байгааг бид өөрсдийн газар зүйн давуу талаа ашиглаж, нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлж чадвал эдийн засгийн асар их боломж нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцолж байна. Нөгөө талаар Алтанбулаг-Замын-Үүдийн төмөр замын ганц тэнхлэгийн ачаалал улам бүр нэмэгдэж, үүнээс шалтгаалсан өртөг зардал ихсэх, цаг хугацаа алдах зэрэг олон үр дагавар гарч буйг анхаарах ёстой. Тиймээс авто зам, төмөр замын шинэ бодлогыг тодорхойлж, бүс бүр өөрсдийн боомтоороо транзит тээвэр хийх боломжийг бүрдүүлэх нь уг хуулийн төслийн нэг гол онцлог нь юм. Ингэснээр Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, бүс бүр өөрсдийн зах зээлтэй болж, эдийн засгийн өсөлт, орон нутгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн тэнцвэрээ хангах боломж бүрдэнэ.
Бүсүүдийг хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудлаас гадна хүний хөгжил, нийгмийн асуудлууд ч дагаад яригдах учиртай. Өөрсдийн гэсэн зах зээлтэй болсон бүсүүд заавал Улаанбаатар хот руу 2000 гаруй км зам туулж, Замын-Үүд орох шаардлагагүй болно. Харин өөрийн боомтуудаараа дамжуулж бараа бүтээгдэхүүнээ худалдан авах, транзит тээврээр бусад улс орнуудтай холбогдох боломжтой болох юм. Үүнийг дагаад эдийн засгийн тусгай бүсүүдийг аймгуудад байгуулж, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг өргөн боломж нээгдэхийг судлаачид онцолж байна.
