Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх өнөөдрөөр дуусгавар болж байна. Өдгөө 62 настай энэ эрхэм ЗХУ-д хуульчийн мэргэжил эзэмшиж ирснээсээ хойш 37 жилийн турш Монголын төрд тасралтгүй зүтгэжээ.
Сэлэнгэ аймгийн хэлтсийн дарга, Хууль зүйн яамны хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд, УИХ-ын гишүүн, “Монгол шуудан” ХК-ийн захирал, ТӨХ-ны дарга гэх мэт төрийн өндөр албан тушаал эрхэлж ирсэн энэ хүний нэр сүүлийн жилүүдэд ямагт муу муухай зүйлтэй холбогдох болсон юм.
Түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байх үедээ өмч хувьчлалыг зувчуулж их хэмжээний ашиг олсон, “МИАТ” ХК-ийн захирал асан Д.Эрдэнэбилэгтэй үгсэж “Дайны эрсдлийн даатгал” гэх зүйлийг бий болгон их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн хэвлэлээр шуугиж байсан хэдий ч Цэц хэмээх байгууллага түүнийг хамгаалсаар өнөөдрийг хүрсэн юм.
Мөн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалахад оролцсон, Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгөөр, БНСУ-ын Чэжүд 600 сая воноор худалдаж авсан байраа ямар эх үүсвэрээр авсан зэргийг шалгах, шалгах тогтоох олон асуудлууд байсан хэдий ч Цэцийн гишүүн үндэслэлээр шалгуулахгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм.
Одоо түүнийг шалгахад хуулийн талаас ямар ч саад тээг байхгүй боллоо. Түүнтэй холбоотой олон хэргүүдийг эрх бүхий байгууллага нь шалгаж гэм зэм байгаа бол ял шийтгэлийг нь оноох, хилс хэргээр гүтгэсэн бол цагаатган цайруулах боломж бүрдлээ.
Тэрбээр “Намайг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна. Хэрвээ би буруутай байдаг юм бол өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаад ШШГЕГ-ын харьяа 461 хорих ангийн үүдэнд өөрөө яваад очно” хэмээн итгэл төгс хариулж байсан юм.
Д.Сугарт холбогдох хэргүүдийн хувь заяа хэрхэн үргэлжлэхийг АТГ-ын таалал, цаг хугацаа хоёр л харуулах биз ээ.