ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татсан уу

O.Admin
2023-02-01

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталжээ. Тиймээс АТГ-ын мөрдөгчид өнөөдрөөс уг тогтоолыг Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарт танилцуулах аж.

Тэднийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүсээ оролцуулж далдаас удирдаж байсан хэмээн сэжиглэж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй ажээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх цуу яриа олны дунд олон жил ам дамжин яригдсаар ирсэн билээ.

Мөн 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хорыг Д.Ариунболдтой хамтран хийж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд гарч ирсэн гэх. 

Улмаар Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтарч нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд 46 хаус барьсан байж болзошгүй гэх баримтыг мэдээллийн сайтууд дэлгэж байлаа. 

Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт гурван объектод нэгжлэг хийжээ.