ЦХХХ-ны сайд Н.Учрал Шилэн ажиллагааны талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Одоогоор 3450 тусгай зөвшөөрөл эзэмшигч, есөн байгууллагын мэдээлэл ил болж байна. Тэгэхээр шууд энэ байгууллагуудын мэдээллийн сан руу ороод мэдээлэл дамжуулах эрх үүрэг манай яаманд байхгүй. Хариуцагч нар мэдээллээ эзэмшдэг.
Бид нийтийн мэдээллийн 68 хувийг ил тод болгох, орон тооны бус зөвлөлийг ХЗДХ-ийн яамтай хамтарч байгуулна. Засгийн газрын тогтоолоор ямар мэдээллийг ил тод болгох, хөндлөнгийн үнэлгээ хийх вэ гэдгийг журмаар баталсан байгаа. Журам нь дөрвөн шалгуур бий. Тухайлбал, хүртээмжтэй, хугацаандаа, иргэнд ээлтэй, эх сурвалжтай гэж заасан байгаа. Бид төрийн бүх байгууллага руу мэдээллээ ил болгооч ээ албан хүсэлт шаардлага хүргүүлсэн.
Зарим газрууд одоогоос найман жилийн өмнөх хуучин мэдээгээ сайтдаа оруулчихсан байна. Хуулийн хэрэгжилт аймгуудад 43 хувьтай. 21 аймгаас 12 нь албан хүсэлт, шаардлагын хариу огт ирүүлээгүй. Иймээс мэдээллийг ил болгож, шилэн болгоход саад учирч байна. Яамдуудаас 10 нь мэдээллээ өгсөн. 66.9 хувийн дундаж үнэлгээтэй.
Агентлагуудаас 18 нь мэдээллээ огт ирүүлээгүй. Төрийн байгууллагууд мэдээллийг ил болгох үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс иргэд, сэтгүүлчид мэдээллээ ил болгохыг шаардах хэрэгтэй. Цаашид сар бүр Шилэн ажиллагааны мэдээллийг зарлана. Байр эзлүүлнэ. Мэдээллийг нээлттэй болгосон байгууллагуудын мэдээллийг өнгөөр илэрхийлнэ. Мөн хөндлөнгийн зөвлөл байгуулна. Бүхий салбарын төлөөллийг оруулна. Ингэснээр авлига, албан тушаалын асуудал цэгцрэх юм” гэв.