ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: IPO босгох төсөлд шуурхайлан ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Тавантолгой Гашуунсухайтад үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “2017 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан юм. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүсгэсэн.  Тиймээс энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна” гэсэн юм. Мэдээллийн дараа түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Тавантолгойн IPO босгох ажил ямар шатандаа байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-IPO босгох төсөлд бид  шуурхайлан ажиллаж байна. Энэ оны сүүлээр УИХ-д танилцуулна.

-Тавантолгой ордын нөөцийн үнэлгээг 2010 онд хийсэн байдаг. Дахин нөөцийн үнэлгээ хийх үү?

-2010 онд АНУ-ын компаниар нөөцийн үнэлгээг бүрэн гүйцэт хийлгэсэн. Одоо нөөцийг баталгаажуулах ажил хийгээд явж байна.

атахууны импортод Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байгаа ч  үнэ нэмэгдсээр байна. Энэ асуудлыг яах вэ?

-Шатахууны үнэ олон хүчин зүйлээс шалтгаалж байна.  Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд ярилцсан. ОУВС-тай зөвшилцөж байж дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирнэ.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудалд гаргасан арбитрын шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асуудлаар уулзаж, ярилцах ажлын хэсэг гаргахаар ярилцсан.  Түүний дараа энэ талаар мэдээлэл өгөх боломжтой.