ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Отгонтэнгэр” нисэх буудлын 70 жилийн ойд хүндэтгэл үзүүлэв

O.Admin
1 цагийн өмнө

“Отгонтэнгэр” нисэх буудлын 70 жилийн ойн баярын хурал, ёслолын ажиллагаанд  арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан, Гавьяат нисгэгч С.Гантөмөр тэргүүтэй  үе үеийн  алба хаагчид оролцож, хүндэтгэл үзүүллээ. 

Анх 1956 оны зургаадугаар сард Донойн хөндийд Ан-2 онгоцоор ачаа шуудан, зорчигч тээврийн нислэг үйлдсэнээр  эхэлсэн “Отгонтэнгэр” нисэх буудлын түүх нь МИАТ компанийн түүхтэй давхацдаг билээ. 

Баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Отгонтэнгэр” нисэх буудлыг Олон Улсын 4С зэрэглэлтэй болгох, Тосонцэнгэлийн онгоцны буудлын байгууламжийг сайжруулах, үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар төлөвлөж буйгаа хэллээ.

Анх шороон зурвасаас эхэлж байсан нисэх буудал нь эдүгээ 2859 метрийн урттай хатуу хучилтат хөөрч буух зурвас, иж бүрэн барилга байгууламжтай, түнш байгууллагууд болон зорчигчдын найдвартай харилцаа, итгэлцэл, орон нутгийн тээвэр логистикийн тогтвортой байдалд үнэтэй хувь нэмэр оруулагч томоохон нэгж болоод байна.

Түүхт 70 жилийн ойн баярын үеэр баярын хурал, бөхийн барилдаан, нисэх буудлын анхны туурьт хүндэтгэл үзүүлэх, одоогийн үйл ажиллагаатай танилцах зэрэг ажлыг хэрэгжүүллээ.