ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

78:48 хувилбарыг Төрийн байгуулалтын байнгын хороо 100 хувь дэмжлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-31

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15 гишүүний ирцтэй хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдах хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар хэлэлцүүлгээс өмнө буюу өчигдөр болсон намын бүлгийн хуралдаануудаас эцэслэж шийдсэн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна, УИХ нь нэг танхимтай байх бөгөөд 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар сонгоно гэсэн хувилбарыг хэлэлцэн, хоёр удаа санал хураалт явуулж дэмжив.

Хуралдаанд 15 гишүүн оролцож, эхний санал хураалтад 13 гишүүн дэмжиж, 86.7 хувийн саналаар дэмжсэн бол, хоёрдугаар санал хураалтаар 15 гишүүн дэмжиж, 100 хувийн саналаар уг саналыг дэмжив. Чуулганы хуралдаанд уг асуудлыг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулах юм. Мөн энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг мөн хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын дарга Г.Занданшатар олныг төлөөлөх, хувь тэнцүүлэх гэсэн монгол үгээр оруулж байгаа бол цаашдаа Үндсэн хуулийн маргаан гаргахгүйн тулд олныг төлөөлөх гэдгийнхээ ард мажоритар, хувь тэнцүүлэх гэдгийнхээ ард пропорциональ гэдэг үгээ хашилтад оруулах ёстой шүү гэдэг саналыг хэлж, Байнгын хорооны протоколд зориуд оруулъя гэж бодлоо. Учир нь Үндсэн хуулийн маргаан руу явж магадгүй учраас шилжүүлье” гэв.