ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Пүрэвхатан: Эмэгтэйчүүдийн асуудлаар урт, богино хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-25

АН-ын эмэгтэйчүүдээ төлөөлж, намын Дэд даргаар хэдхэн өдрийн өмнө сонгогдож, үүрэгт ажилдаа ороод буй Т.Пүрэвхатан эмэгтэйчүүдийн чуулганд оролцож буй намынхаа эмэгтэйчүүдэд хандан үг хэлэв.

Тэрбээр, “Монгол орны өнцөг булан бүрээс Ардчилсан эмэгтэйчүүд маань энд чуулж байна. 700 гаруй бүсгүйчүүд хүрэлцэн иржээ. 2018 онд тавдугаар чуулганаа хийж байсан нь саяхан мэт санагдаж байна. Миний бие тус чуулганд нэр дэвшин өрсөлдөж байлаа. Монгол Улсын нийт хүн амын 51.7 хувь гэхээр 1.7 сая орчим эмэгтэйчүүд, манай намд гишүүнчлэлтэй 200 гаруй мянган эмэгтэйчүүдийн эрхийн төлөө улс төрд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэхээр өрсөлдөж буй долоон эмэгтэй бол бүгд оюунлаг, чадварлаг, боловсролтой бүсгүйчүүд.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, шат шатны сонгуульт болон улс төрийн албан тушаалд ч мөн эмэгтэйчүүдийн квотыг нэмэх, түүнд бэлтгэхээс гадна өрх толгойлсон, малчин, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн асуудлаар урт, богино хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах нь бидний зорилго байх болно. Ачааны хүндийг үүрч буй бүх эмэгтэйчүүдэдээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Чуулганд оролцогчдод амжилт хүсье” гэв.