ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“С” зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар  ЭТТ ХК-аас тайлбар хийлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-12

С зөвшөөрөл тойрсон асуудлаар ЭТТ ХК-ийн худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу тайлбар хийлээ.

Тэрбээр “Автотээврийн стандартын дагуу 21 тээврийн хэрэгсэлтэй, ХАБЭА-ын болон тээврийн засвар механикийн ажилтантай байх гэх мэт шаардлага хангасан компани авто тээврийн үйл ажиллагаа эрхлэх ёстой. Одоогоор нүүрс тээвэрлэх сонирхолтой 323 аж ахуйн нэгжийн 17800 тээврийн хэрэгслийн санал ирсэн. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг улиралд 4680 тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох боломжгүй. Тиймээс аль болох боломжит хувилбараар хувь тэнцүүлж олгодог. 100 тээврийн хэрэгслийн хүсэлт ирлээ гэхэд 24-д нь С зөвшөөрөл олгох гэх мэтээр бүх аж ахуй нэгжид тэгш хуваарилалт хийдэг” гэлээ.

Мөн өөрийн компанид тээврийн хэрэгсэлгүй ч, бусдын тээврийн хэрэгслийг компани дээрээ бүртгүүлж, улмаар хувь тэнцүүлж олгосон С зөвшөөрлийг худалдах зөрчил гарч байгааг онцлов. 

Энэ талаар ЭТТ ХК-ийн худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу “Өөрийн компанид тээврийн хэрэгсэлгүй боловч бусдын тээврийн хэрэгслийг компани дээрээ бүртгээд “С” зөвшөөрөл авч, түүнийгээ худалдах тохиолдол гарч байна. Ер нь цаашдаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, стандартыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байна.  Үүнийг бүртгэлийн байгууллага болон хуулийн байгууллага хянаж нягтлах хэрэгтэй гэж үзэж байгаа” хэмээлээ.