ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Р.Сэддорж: Тавантолгой ХК тонн нүүрс тутамд хамгийн өндөр татварыг төлдөг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-04

Нүүрсний хяналтын сонсгол өнөөдөр албан ёсоор эхэлсэн билээ. Эхний өдрийн сонсголоор орон нутгийн буюу "жижиг" "Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм. Эхний өдрийн сонсголд тус компанитай холбоотой үе үеийн удирдлагууд, ажилтнууд гэрчээр  оролцож байр сууриа илэрхийллээ.

Тэгвэл энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ирж албан ёсоор байр сууриа илэрхийллээ.

Р.Сэддорж дарга хэлэхдээ "Тавантолгойн орд газар 1966 оноос анх үйл ажиллагаа нь эхэлсэн. Одоогийн Тавантолгойн бүлэг орд тэдний өмч байсан. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар зөвхөн сумдын эрчим хүчийг хангадаг байсан компани 169 га талбайтай үлдсэн юм.  Ердөө 0.4 га газартай үлдсэн. Одоогоор Тавантолгойн бүлэг ордод гурван аж ахуйн нэгж ажилладаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, "Тавантолгой" ХК үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс 2300 хувьцаа эзэмшигч Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа эзэмшсэн байгаа.

Хөрөнгийн бирж энэ аж ахуйн нэгжийг маш сайн мэдэж байгаа. Үргэлж "ТОП"-д  явдаг. Ногдол ашгаа сайн өгдөг учраас гадныхны  оролцоо ихтэй юм билээ. Татварын ерөнхий газар үр ашгийг танилцуулах хүмүүс бол тэд шүү дээ. Тонн нүүрснээс хамгийн өндөр татварыг улс орондоо төлдөг, аж ахуйн нэгж. Өнгөрсөн хугацаанд 560 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг орон нутагт, хувьцаа эзэмшигч нарт өгчээ. Үүндээс 260 тэрбум төгрөгийг орон нутагтаа өгч, төсвийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам талбай, дэд бүтцийг орон нутгийн "Тавантолгой" ХК хийдэг. Өнгөрсөн 2022 онд сайн ажилласан байна.

144 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн төсөвт төвлөрүүлж, ажилтан албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхээс эхлээд олон ажил хийсэн. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Х.Сугир олон зүйлийг мэддэг юм шиг ярьдаг. Гэтэл тэр нөхөр мэдээлэл муутай байж, дэлхийн зах зээлийн ханш, уурхайн ам нөхцөлийг дандаа хольж ярьдаг. УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн. Уурхайн амыг 280 км-ийн цаана байгаа Ганцмодтой байнга хольж ярьдаг. Энэ нь тээврийн хөлс, гаалийн татвар орсон өөр өөр байршилд байдаг үнийг хольж, сольж ярьдаг, хэлдэг" хэмээн байр сууриа илэрхийллээ.