ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Ганбаатар: Зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр арилжихаар боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн биржээр зэс, молибдений баяжмалыг арилжаалах шийдвэр гарсан талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ. 

Тэрбээр “Зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр зарах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Экспортод гаргах нүүрс болон төмрийн хүдрийг нээлттэй ил тод дуудлага худалдаагаар өнөөдрийг хүртэл амжилттай арилжиж байна. 2023 онд биржээр ойролцоогоор 15 сая тонн нүүрс зарсан. Үүний арилжааны нийт дүн нь 2.2 тэрбум ам.доллар болсон. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12-т “Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал биржээр арилжина” гэж заасан. Товчоор хэлбэл, төрийн уул уурхай бүгд биржээр металлаа зарах зайлшгүй шаардлагатай.

Засгийн газрын хуралдааны 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд уул уурхайн бүтээгдэхүүний зэсийн баяжмалыг үе шаттайгаар биржээр арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжаалж эхлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УУХҮЯ-нд даалгасан. Энэ дагуу 2023 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдааны 223 дугаар тогтоолоор батлагдсан  уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл ангилалд зэс, молибдены бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа” гэлээ.

Мөн Засгийн газрын тогтоолд уул уурхайн дотоодын бүтээгдэхүүнийг биржээр арилжсан зэс, молибдений баяжмалд оногдуулж байгаа АМНАТ-ын татварыг тухайн биржээс нь авахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн, зэс, молибдены баяжмал бүтээгдэхүүнийг биржээр шударга, ил тод арилжих замаар зах зээлийн бодит үнийг тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.