ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Номинчимэг та сонгуулийн шоугаа дуусгаж, ажлаа хийнэ үү

O.Admin
2024-03-25

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг та ажлаа хийнэ үү. Улаанбаатар хотын асуудалд даргаасаа дутахааргүй бие сэтгэлээ зориулж ажиллах учиртай хүний нэг бол яах аргагүй О.Номинчимэг орлогч билээ.

Гэтэл О.Номинчимэг орлогч хаана явна вэ хэмээн нийслэлчүүд даргынхаа эрэлд гараад удлаа. Улаанбаатарын утаа, түгжрэл хоёр хэрээс хэтэрсэн. Шийдэл хайгаад ч олигтой үр дүнд хүрэхгүй иргэдийг хөлдөө чирч  байна. Хэн, хэн нь учраа олохгүй урсаж л яваа. Үүнтэй зэрэгцэн угаартсан иргэдийн дуудлага хоног алгасахгүй гарч байна. Хамгийн сүүлд л гэхэд 10 хүн нэг дор  угаартаж,  амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Та хаана байна аа. Эсвэл угаартсаар л байх уу, иргэд чинь. 

Учир нь "Таван толгой түлш" ХХК-ийн "Хэрэглэгчдэд үйлчлэх төв" гэж 500 гаруй ажилтантай нүсэр бүтэц нийслэлийн дүүрэг бүрд байдаг шүү дээ. Энэ нүсэр бүтэц 2024 оноос эхлэн нийслэлийн мэдэлд шилжсэн гэдгийг мэдэж байгаа биз.  Ямар ч бодлогогүй, шийдэлгүй улстөржиж суухад чинь хүрээний иргэд утаандаа хордоод угаартаж дууслаа, Номинчимэг дарга аа. Угаар, утаа хоёроо ярьж суутал нийслэлд шар усны үер эхэлж эхнээсээ үерт автаж эхлэв. Нүүлгэн шилжүүлэлтийг хийж эхэлсэн ч хүртээмжийн хувьд хангалтгүй байна. Яаралтай ариутгал, цэвэрлэгээ хийхгүй бол хотоороо гэдэсний халдварт өвчин тусах нөхцөл байдал үүсээд байгаа. Та иргэдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ.

Нийслэл бол цэвэр аж ахуйн ажил билээ. Дарга даамал гэхээс илүүтэй ард түмнийхээ өдөр тутмын аж амьдралтай зууралдаж байж, шийдэл, шийдвэр гардаг. Гэтэл цагаасаа эртэлж, улс төрийн шоу хийн, даргынхаа ард нуугдаж болсон бол ажлаа хий. Чадахгүй бол чаддаг нэгэнд нь өг өө. Нийслэл зургаан дүүрэгтэй. Алслагдсан хоёр дүүрэгтэй, том данхар бүтэцтэй, их айл. Гэтэл болоогүй улс төрийн сонгуульд бэлтгэж, Чингэлтэй-Сүхбаатар дүүргийн иргэдийг тойглохоо болино уу, дарга аа.