ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчиллын алдаа, оноо, ололт амжилтыг хэлэлцэв

O.Admin
2024-04-26

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” сэдэвт хурал амжилттай үргэлжилж байна. 

Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран “Монгол Улс – Ардчиллын Баянбүрд” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /4-р сарын 25-ны өдөр/ Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Монгол Улсад анх удаа болж байгаа энэхүү хурлаар ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт, сургамж, ирээдүйн талаар хэлэлцлээ.

Олон Улсын Ардчилсан Холбоо нь 69 орны баруун төвийн үзэл баримтлалтай 84 улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага юм.

Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр хэлэхдээ "Юуны өмнө Монголын ардчиллын хувь заяа, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан хөгжил, чөлөөт сонголтын төлөө сэтгэл гарган хүрэлцэн ирж, энэхүү хурлын үйл ажиллагаанд оролцож буй та бүхэнд АН-ын удирдлагын өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

Өнөөдөр Олон Улсын Ардчилсан Холбооны (IDU) Бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж байна. Энэ хурлын онцлог нь "Монгол улс-Ардчиллын баян бүрд" сэдвийн хүрээнд Ардчилсан намтай хамтарч зохион байгуулж буй явдал юм.  Хурлаар монголын ардчиллын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх,  ардчиллыг хэрхэн сахин хамгаалж, хөгжүүлэх гээд өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ. IDU-н хурал манай улсад болж буй нь Ардчилсан намын, цаашлаад Монгол Улсын  нэр хүндтэй салшгүй холбоотой томоохон үйл явдал юм" хэмээлээ. 

Цухас сонирхуулахад "IDU" буюу Олон Улсын Ардчилсан Холбоог 1983 онд Баруун төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн намууд нэгдэж байгуулжээ. Өдгөө 84 улсыг хамарсан Баруун төвийн үзэл баримтлал бүхий тус байгууллагыг Рональд Рейган, Маргарит Тетчер, Жак Ширак, Хельмут Коль  гээд дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн тухайн үеийн лидерүүд үүсгэн байгуулалцжээ.