ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дөрвөн сангаас зээл авсан Ж.Энхбаярын хөрөнгө орлого 2.4 тэрбум төгрөгт хүрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-13

“Монголын мэдээ” сонин өнгөрөгч оноос эхлэн УИХ-д нэр дэвших эрхгүй гишүүд буюу Засгийн газрын 29 тусгай сангаас зээл авсан эрхмүүдийг олон нийтэд цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэхүү дугаараас эхлэн эдгээр гишүүдийн талаар нэг бүрчлэн эргэн сануулахаар болж байна. Цувралын эхэнд “зээлийн мэргэжилтэн” гэгдэх УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаярыг онцольё.  

Сонгууль: 

  • 2008 онд МАХН буюу одоогийн МАН-аас Говь-Алтайд анх  удаа нэр дэвшин сонгогдсон юм. Тус аймагт МАХН буюу одоогийн МАН-аас УИХ-ын гишүүн асан, талийгаач Ц.Дашдорж агсан 63.35, Ж.Энхбаяр 68.6 хувийн саналаар ялалт байгуулж байжээ. Тухайн үед АН-аас Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, О.Сэмэр, Иргэний эвслээс Ц.Гончигсүрэн, Эх орон намаас Б.Оюунбилэг нар нэр дэвшиж өрсөлдөж байсан юм. 
  • 2012 онд МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдож байсан.  
  • 2016 онд Баянзүрх дүүргээс МАН-аас нэр дэвшиж сонгогдож байсан юм. УИХ-ын 50 дугаар тойрогт Ж.Энхбаяр 49.91 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Тус тойрогт АН-аас Сангийн сайд асан Б.Болор, МАХН-аас Ч.Өлзийсайхан, БНН-аас С.Төмөрбаатар, ТТЭНЭ-ЭЭС Ү.Хүрэлбаатар, МСДН-аас Д.Одончимэг, МКН-аас Д.Алтангэрэл нартай өрсөлдөж, олонхийн санал авчээ. 

Албан тушаал: 

  • 2012 онд Батлах хамгаалахын сайд 
  • 2014-2015 онд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга 

Санаачилсан хуулийн төсөл:

  • 2018 он: Боловсролын тухай хууль /УИХ-аар хэлэлцэж байгаа/
  • 2018 он: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай хууль /Батлагдсан/
  • 2018 он: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /Батлагдсан/
  • 2017 он: Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл /Батлагдсан/
  • 2017 он: Багшийн хөгжлийн тухай хууль  /Батлагдсан
  • 2016 он: Монгол Улсын гадаад харилцааны тухай хууль /Хэлэлцэж эхлээгүй/
  • 2014 он: Худалдааны тухай хууль  /Буцаасан, хүчингүй болгосон/
  • 2010 он: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль   /Батлагдсан/

-УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй, дэмжихгүй байх уриалгыг сониноороо дамжуулан, олон нийтэд  хүргэе. Тэр ч бүү хэл цаашид улс төрд дахин  хөл тавихгүй байх  боломжийг нь хязгаарлахыг намын дарга нарт мөн уламжилъя. Ж.Энхбаяр 2008 оноос эхлэн УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд Байнгын хорооны даргаас эхлээд Батлан хамгаалахын сайд хүртэл дэвшин ажиллахдаа төрөөс олгодог бүхий л боломжийг хүртжээ. Тэрбээр, УИХ-д нэр дэвшихдээ хот, хөдөөг хослуулан зүтгэхээс гадна дэмжлэг үзүүлж, итгэл хүлээлгэсэн иргэдийн амлалтыг биелүүлэх нь байтугай  “Ачийг бачаар хариулж” ирсэн.  Тэрбээр 12 жил түмнийг төрд төлөөлөн ажиллахдаа жирийн иргэдийн боломжоос мэдээлэлд ойр байдал, эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан завшиж төрийн тусгай сангуудаас зээл авч байсан нь баримтаар ил болсон юм. Засгийн газрын тусгай зориулалтын 29 сан байдаг бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дөрвөөс нь зээл авчээ. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлээс өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд болох “Газар Агро” ХХК, “Газарбуудай” ХХК-иараа дамжуулан нийтдээ тэрбум 950 сая төгрөг авсан байдаг. Тэр ч бүү хэл, Мал хамгаалах сангаас нэг  тэрбум төгрөг авсан бөгөөд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг 2017 оны  арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурж, “Газар Агро” ХХК-д нь санхүүжилт олгожээ.  Мөн 0 хувийн хүүтэй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас тэрбум төгрөг хүртжээ. Ж.Энхбаяр нь  2003 онд Боловсролын сангаас Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурахаар 6000 ам.долларын зээл авсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төрийн тусгай сангуудаас хөнгөлөлттэй зээл хүртэж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж ирсэн байна. Түүний жилийн орлого 2017, 2018 оны ХОМ-ээр нийтдээ 2.4 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь төрд зүтгэсэн 20 жилийн хугацаанд зөвхөн өөрийнхөө хувийн бизнест анхаарсныг илтгэх бус уу. Тиймээс жирийн иргэдийнхээ өсөх, дэвжих, амь амьдралаа дээшлүүлэх боломжийг “хулгайлсан” Ж.Энхбаяр шиг төрийн түшээдүүдийг сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй байх, цаашид төрд алба хаших боломжийг нь хязгаарладаг болж гэмээнэ шударга ёс тогтоно. Гурвын гурван удаа УИХ-д ард түмнийг төлөөлөн ажиллахдаа олигтой баталсан хуулийн төсөлгүй, хийсэн ажилгүй, байгуулсан  гавьяагүй хэрнээ хувийн бизнес нь өдөр ирэх бүр өргөжин тэлж, орлого нь хэдэн тэрбумаар тоологддог энэ мэт жишгийг эцэс болгох цаг болсон баймаар. Улсаа боддоггүй хувиа хичээдэг, алсаа боддоггүй амиа хичээдэг улстөрчдийг байх ёстой байранд нь тавьж, оронд нь сэтгэлтэй, зүтгэлтэй нэгэнд итгэл хүлээлгэе гэж сонгогчиддоо уриалж байна. Мэдээж хариуцлага хүлээж, авсан зээлүүдээ төлж, барагдуулсан гэх зүйлийг ярих байх, тэр. Төлөхөөр хариуцлага тооцдоггүй, огцрохоор шийтгэл хүлээчихдэг баймааргүй байна.