ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ПРОГНОЗ: У.Хүрэлсүх, Х.Баттулга, Г.Занданшатар нарын хоршил буюу томчуудын тойрог

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-03-26

Их тулааны өмнөх нам гүм гэдэгчлэн УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн улс төрийн намууд хийгээд нэр дэвшигчид хаа хаанаа ажин түжин, амар амгаланг эрхэмлэж байх шиг ээ. 126 гишүүнээ хүлээж авахаар Төрийн ордонд чуулганы танхимдаа засвар хийж, хаа нэгхэн алхны чимээ сонсогдох ч хэн хаанаас тэр шинээр засаж, тохижуулсан суудалд очих вэ гэдгийг одоогоор бүрэн таамаглах боломж алга.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилж, томсгосон 13 тойрог болгосон ч энэ өөрчлөлт Цэц дээр бүдрэх үү гэсэн хүлээлт тэднийг окопноосоо гарч, улс төрийн рингэн дээр өөрсдийгөө таниулах боломжийг түр хойшлуулж байгаа юм. Залуус том тойргоос гарч ирж чадахгүй, үе солигдох боломж олгохгүй, мөнгөтэй, эрх мэдэлтэйд давуу талтай өөрчлөлт болсон учраас энэ заалтыг буцаах талаар яриа гараад багагүй хугацаа өнгөрөв.

Гэвч Цэц шийдвэр гаргахаар яарахгүй байгаа гэх. Нэг үгээр хэлбэл, цаг хугацаа давчуу учраас хүссэн ч, эс хүссэн ч 13 томсгосон тойрог, намын жагсаалттайгаа сонгуульд орцгооё хэмээн улс төрийн намууд хийгээд том намынхан дотроо ярилцаж тохирсон бололтой. Энэ тохиролцоо хэрвээ үнэн бол ирэх сарын 1-нээс эхлэн горилогчид хийгээд гомдогсдын цуваа тасрахаа больж, монголчууд цугаар үзэх зүйлтэй, өдөр бүхэн “цус” үзэж, үнэгүй хошин шог тольдоцгоох нь ээ. Тэгвэл манай сайт өнөөдрөөс эхлэн сонгогчдын боловсролд зориулан хөдөө, хотын 13 тойрогт хэн өрсөлдөхөөр санаархаж буйг “Прогноз” буландаа тоймлон хүргэхээр боллоо. Эхний дугаартаа бид УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойргийг онцолж байна.

УИХ-ын даргын толгойлох багаас бүлгийн дарга сугарч үлдэх үү

Нэгдүгээр тойрогт МАН-аас толгойлж орох улстөрчөөр УИХ-ын дарга Г.Занданшатарыг нэрлэж буй. Тэр ч тойрог томссон цагаас эхлэн гурван аймгийн хаалганы босгыг элээх шиг болж байна. Зангараг, туршлагын хувьд багаа ахлах нь тодорхой учраас намын жагсаалтад найдахгүйгээр малчдын шагнал гардуулж, зудад нэрвэгдсэн малчдаа эргэх нэрийдлээр хэд, хэдэн удаа тойргоо услаад ирлээ. Г.Занданшатарын багт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг багтах нь тодорхой болсон. Л.Элдэв-Очирын тухайд дахиж очих эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ойр, ойрхон УИХ-ын даргын томилолтод багтах болсноор тэнд горилж буйгаа нотлов.

Өвөрхангайгаас сонгогдсон МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн энэ удаа намын жагсаалтад урдуур эрэмбэлэгдэж чадвал өөрийнхөө оронд бүлгийн ажлын албаны даргаар дөрвөн жил ажиллуулж, улс төрийн дадлага, туршлагатай болгосон С.Далхаасүрэнг өрсөлдүүлэхээр бэлтгэжээ. Тус тойрогт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Г.Ганболд нар дахиж очих нь тодорхой болоод буй.

Тэгвэл Архангайн тойрогт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз очихоор бэлтгэлээ базааж эхэлжээ.

Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жилд тойргоо маш сайн тойглосон бөгөөд дээрх гурван аймагт Цэргийн анги байгуулсан нь салбарын сайдад давуу тал болж буй гэх. Цэрэг нь цэргээ, сайдаа дэмжинэ гэсэн агуулгаас үзвэл Г.Сайханбаяр генералын тухайд гишүүний суудлаа “халаасандаа” хийчихэж гэж дүгнэж болохоор байв ч нэгдүгээр тойргийн хувь заяаг Архангай, Баянхонгор бус Өвөрхангайн сонгогчид “зурна” гэдгийг мартаж болохгүй юм билээ. Угтаа хоёр аймгаас даруй 20 мянган сонгогчоор илүү байдаг учраас Өвөрхангайгаар овоглодог улстөрчид нэгдүгээр тойрогт цойлох магадлал өндөр. Тиймээс горилогсод анхаарлаа Өвөрхангай аймаг тэр тусмаа Хужирт, Хархорин, аймгийн төвийн сонгогчдод хандуулаад байна. Мөн Дархан аварга Г.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар архангайг төлөөлөн нэгдүгээр тойрогт өрсөлдөөнд орж ирэх нь ээ.

Женког тоглоомноос хасах уу, эсвэл...

Ардчилсан нам энэ тойргийг МоАХ-д “бэлэглэчихсэн” гэж хэлж болно. Угтаа, А.Адъяасүрэн, П.Нүрзэд нар өнгөрсөн сонгуулиар МоАХ-г төлөөлөн тэнд өрсөлдөж, А.Адъяасүрэн нь өрсөлдөөнд цойлж чадсан. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат, АН-ын нарийн бичгийн дарга П.Нүрзэд, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан нарын таван нэр тэнд яригдаж байна. Дөрөв нь МоАХ.

Энэ тойрогт хамгийн их сандарч яваа хүн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат. Нэгэн цагт МоАХ-г бараадаж, Х.Баттулгын нөмөр дор гишүүн болсон ч эргээд эзнээ “ноцсон” учраас МоАХ энэ хүнийг хэзээ ч дахиж Баянхонгорт өрсөлдүүлэхгүйн төлөө бүх хүчээ дайчилж буй. МАН-тай нэг мөр тохирчихсон тойрог учраас Д.Ганбат шиг илүү хүн тэнд үгүй байгаа. Үүнийгээ ч Д.Ганбат туйлын сайн мэдэж буй учраас УИХ-ын сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн өрсөлдөх эрхгүй гэсэн хуулийн төслийг өргөн бариад явж байгаа аж.

Түүний төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх юм билээ. Ганц улстөрчийн өргөн барьсан хууль мөн байв уу, эсвэл тун дээрээс буюу Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар гээд Х.Баттулгад дургүй бүлэглэлүүдийн ажлыг гүйцэтгэж байна уу гэдгийг хэлэхэд эрт байгаа ч хэлэлцэж эхлэхэд бүх зүйл тодорхой болох нь ээ. Хэрвээ төсөл дэмжлэг авч гэмээнэ Х.Баттулга тоглоомноос сугарч харин А.Адъяасүрэн, Д.Жаргалсайхан, П.Нүрзэд нарыгаа сойх нь ээ. МоАХ энд бүрэн ноёрхоно гэсэн үг. Х.Баттулгын рейтинг ч гурван аймаг дамжаад дажгүй яваа учраас өөрөө өрсөлдөөд хоёр хүнээ дагуулаад явсан байхад тодорхой ялах боломжтой. Харин Д.Ганбат энэ тойрогтоо “жийгдвэл” намын жагсаалт руу нэг горилж үзэх боломж бий. Тойрогтоо ямар ч ажил хийгээгүй учраас нэрээ барчихсан. Дахиж сонгогдох боломж байхгүй. Тиймээс намын даргынхаа хаяа хатавчинд сууж намын жагсаалт горьдож буйгаа ил тод хэлэх болжээ. Гэлээ ч багтах эсэх нь юу л бол.

Тэгвэл АН-аас Архангайг онилсон улстөрчдийн жагсаалтыг “Чоно” группын угсаа залгамжлагч П.Мөнхтулга тэргүүлж буй гэх. Өнгөрсөн сонгуулиар дөрвөөр давхисан учраас өнөө жил түүнд нам нь ихээхэн итгэл үзүүлж буйг нуух юун. Тэгвэл энэ тойрогт өнгөрсөн сонгуулиар бие даасан ч сонгуулийн дараа АН-ын ҮБХ-ны гишүүн болж чадсан Э.Мөнхсайхан яригдаж байна.

Түүнийг МАН-ын гишүүн Х.Ганхуягтай тун ойрынх гэж ярилцдаг. Энэ тойрогт Архангай аймгийн Засаг дарга асан М.Батжаргал яригдаж буй бөгөөд түүнийг бөх, спортоороо Х.Баттулгатай ойр нөхөрлөдөг хэмээн жиг жуг ярьдаг билээ.

АЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Батбаярын охин Б.Жаргалан нэгдүгээр тойрогт яригдаж байсан ч тэрбээр жагсаалтын урдуур эрэмбэлэгдэхээр болж нэрээ татсан бол сэтгүүлч С.Батзаяа мөн эмэгтэй квот авах магадлалтай хэмээн яригдаж байна. Өвөрхангайг горилсон АН-ын нэр дэвшигчид дунд У.Хүрэлсүхийн зөвлөх орж ирэхээр яригдаж буйг дуулгая. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг ахалж буй, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ч.Даваабаярын гишүүн болох сүүлийн шаанс нь энэ удаагийн өрсөлдөөн. Тиймдээ ч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын зөвшилцлөөр Ч.Даваабаяр  МоАХ-ын залуус дундуур өрсөлдөөнд баг болж орж ирэх нь ээ. Энэ тойрогт мөн л МоАХ давуу байгаа. Х.Баттулгын “Хөх туг”-ийн дор нэгдсэн О.Алтангэрэл, Б.Ган-Очир нар өрсөлдөх нь тодорхой болсон. Нэмээд аймагтаа “Богд” буудлыг эзэмшдэг Г.Хосбаяр МАН-ын “даалгавар”-аар орж ирэх магадлалтай. Учир нь МАН төр барьж буй, төр түшилцэж буй энэ цагт өвөрхангайд зарлагдсан бүх тендерийг тэдний компани авдаг, гүйцэтгэдэг гэхээр МАН-ын дэмжлэг өндөр хэмээн хардаж буй юм. Өвөрхангайд дараагийн яригдаж буй хүн мөн л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн буюу ЕТГ-ын дарга Я.Содбаатар байв.

Улс төрийн албан хаагч учраас хэдийд ч ажлаа өгч болох ч гэлээ УИХ-д бус ЕТГ-таа, Ерөнхийлөгчийн карьер дуусах хүртэл хугацаанд У.Хүрэлсүхийн дэргэд байж, МАН-ын гал тогоог Д.Амарбаясгалангаас өвлөж авах амбийцтай байгаа сураг дуулдлаа. Энэ мэдээлэл ч үнэн гэдгийг удаа дараа генсекийн өрсөлдөөнд яригдсанаар батлагдсан. Хэрвээ энэ сонгуульд Х.Баттулга орж чадаж гэмээнэ нэгдүгээр тойрог тэр чигтээ Х.Баттулгын хүмүүсийнх болох нь тодорхой. Рейтингээрээ ч тэр энэ хэмжээнд үнэлэгдэж буй.

Нэмээд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоёр хүн өнгөлж мэдэх тойргоос улс төрийн бусад намууд жийрхэж эхэлжээ. Дэмий хөрөнгөө зарлагдаж томчуудын тоглоомын золиос болох уу, эсвэл нэгдүгээр тойргоос нэрээ татах уу гэдгээ намууд ярилцаж буй гэх. Н.Номтойбаярын тэргүүлсэн эвсэл, ХҮН-аас л нэгдүгээр тойрогт өрсөлдөгч илгээх магадлал өндөр байгаа ч өнөөдрийн байдлаар хэн байх талаар сураг чимээ дуулдаагүй байна.