ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Зоригийн хөшөө зарагдсан эсэх нь тодорхойгүй ч АН байраа түрээсэлж буй нь үнэн

O.Admin
2024-04-09

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны хөшөөг зарсан талаар Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа мэдээлэл оруулсан нь нийгмийн сүлжээнд дуулиан тариад байна. 

Тэрбээр "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй.

Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэжээ.

Хэдийгээр АН-ын зүгээс "Энэ мэдээлэл бол аль 2012 оных, тийм зүйл байхгүй" хэмээн мэлзэж буй ч С.Зориг агсаны хөшөөний хажууд буй АН-ын байр хэдийнэ "Голомт" банкны мэдэлд шилжсэн бөгөөд АН-ынхан нь түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь үнэн билээ. 

АН-ынхан олон фракцийн хүчтэй нэгдэлтэй буюу эрх барьж байхдаа өдгөө МоАХ байрлаж буй 11 дүгээр хороололд байрлах "Ардчиллын ордон", Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр хооронд байрлах АН-ын цагаан байр буюу "Хүзүүвч" гэж нэрлэгддэг байр, мөн С.Зориг агсаны хөшөөний хажууд байх АН-ын Төв байр гээд нийтдээ гурван үл хөдлөх хөрөнгөтэй байлаа. Гэсэн ч "Хүзүүвч" байрыг "Алтан гадас" фракци буюу Н.Алтанхуяг өмчлөн авч, улмаар банкинд долоон тэрбумаар зарж, тус мөнгөнөөс ердөө 45 мянган төгрөг үлдсэн талаар хэвлэлүүд мэдээллэж байсан билээ.

Харин "Ардчиллын ордон"-г өдгөө МоАХ фракци өөрийн мэдэлд авч, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй байдаг бол МҮДН буюу доорх бичигт байгаа "Шинэ дэвшилтэд холбоо" гэдэг нь Н.Мэдрээ, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт зэрэг мөнгөтэй, хүч чадалтай гишүүдийн нэр дээр байсан холбоо. Тус холбооны мэдэлд байсан АН-ын Төв байр харин "Голомт" банкны эзэн Д.Баясгалангийн мэдэлд 480 мянган ам.доллароор шилжиж ирсэн гэлцдэг. Ингэснээр тус газрыг болон дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг одоо Д.Баясгалангийн "Ардчиллын өргөө" ХХК эзэмшиж байна.

Харин өдгөө тус байрыг буулгаж, шинэ барилга барих уу гэдэг нь ердөө л цаг хугацааны асуудал учраас С.Зориг агсаны хөшөө байрлаж буй газар ч зарагдсан хэмээн жиргэсэн Хотын даргын жиргээ ч худлаа биш бололтой. Товчхондоо, АН-ынхан өөрсдөө үнэт зүйлээ зарж, банкны мэдэлд шилжүүлсэн бөгөөд хэчнээн худлаа гэж мэлзээд ч газар авахгүй болсон. Хотын төвд байр ч үгүй газар ч үгүй болсон АН-ынхан өнөө хүртэл нүх сүв бүрд түрээс төлөн байрлаж яваа нь худлаа биш. Нэг хэсэг С.Эрдэнийн "Шонхор" таурт хоног төрүүлсэн.

Нам хоёр хуваагдаж байх цагт нэг хэсэг нь "Бодь групп"-ын Хотын захиргааны хажууд байрлах "Бодь таур"-т байрлаж байлаа. Түүнчлэн, УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр АН-д байр барьж өгнө хэмээн С.Эрдэнэ даргынхаа толгойг эргүүлж, Сонгинохайрхан дүүрэгт мандат авсан ч ялагдал хүлээгээд тэр яриа мартагдаж байж. Харин өдгөө АН-ынхан УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын мэдэлд байсан "Залуучууд" зочид буудал руу бууриа сэлгэхээр засвар үйлчилгээ хийгээд завгүй байгаагаас ажвал АН-ын Төв байрыг "Голомт" банкныхан суллаж авна гэх мэдэгдлээ ч өгсөн бололтой.