ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Намрын ногоон өдрүүд арга хэмжээг есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулна

O.Admin
2 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулах юм. Хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асар ажиллуулахаар төлөвлөөд байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглож байгаа юм.

Өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж салбарын хяналт шалгалт, зөвшөөрөл, зохион байгуулалттай холбоотой асуудлаар хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн бэлтгэл бэлэн байдалтай холбогдох үүрэг чиглэл өгөв.

Намрын ногоон өдрүүд өргөтгөсөн худалдаагаар Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Түүнчлэн манай улсын тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж хэрэглэгчдийн хүртээл болгодог юм.