ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Дэлгэрсайхан: Түгжрэл бууруулах чиглэлээр ажиллаж байна, сонгуультай холбоогүй

O.Admin
2024-04-17

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр:

- Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдал, бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Засаг захиргаа түүний нэгж, удирдлагын тухай хууль дахь Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ирэх долоо хоногт бүлгийн хурлаар оруулан УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газраас өгсөн. Ингэснээр  нийслэлд шинэчлэлт хийх боломжийг нээх юм.

Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль 1993 онд батлагдсан. Тухайн үед социализмаас дөнгөж зах зээлийн нийгэмд шилжээд байсан юм. Харин одоо орчин нөхцөл өөрчлөгдөж, зарим аймаг, орон нутаг, хот тосгон бие даан эдийн засгаа бүрдүүлдэг болсон. Үүнд нийцүүлэхгүй бол аймаг, орон нутаг түүнийг дагасан хот тосгод цаашдаа ч эрхзүйн хувьд хаагдмал байдалтай байна.

Зөвхөн Засгийн газар, УИХ-аас шийддэг баригдмал байдлыг тавьж өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутаг хот тосгодын эрхзүйн байдлыг бий болгосноор орон нутаг бие даан хөгжих боломж бүрдэнэ. Мөн 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан Хот тосгон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосон. Энэ дагуу чиг үүргийн яамд болон нийслэлээс ажлын хэсэг бүрдэж хуулийг бэлдэж ажиллахаар боллоо.

Нийслэл өөрийн бие даасан хуультай болбол бүтээн байгуулалт, түгжрэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг эрхзүйн хувьд шийдвэрлэх боломжтой болж аливаа ажил саадгүй үргэлжлэх боломжийг бий болгоно. Үүнийг дагалдуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Тодруулбал, хот бие дааж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх заалт оруулж ирж байгаа. Нийслэлд эрх олгож байгаа гэсэн үг. Цаашлаад, Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар баталж, хаврын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх эрхзүйн боломжийг бүрдүүлснээрээ өнөөдрийн Засгийн газрын шийдвэр онцлогтой"  хэмээн мэдээллээ. Мөн сэтгүүлчийн асуусан асуултад дараах хариултыг өгөв.

-Зам засвар зэргээр бүтээн байгуулалтын ажил нийслэл хотод эхэлж байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос энэ үед автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө гаргасан уу?

-Түгжрэл бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ сонгуультай ямар ч холбоогүй. Та бүхний мэдэж байгаачлан метроны зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад дуусаж байна. Зөвлөх үйлчилгээний компани шалгарсаны дараа зөвлөх компанийн ажлын даалгаврыг боловсруулж, тавдугаар сард гүйцэтгэгч компаний тендерийг зарлана. 

Түгжрэлийг бууруулах үндэсний хороо ажлаа хийж байна. Хоёрдугаарт, бүтээн байгуулалт, торгууль түрээсээр түгжрэлийн асуудлыг шийдэхгүй юм байна. Тиймээс эрхзүйн орчноо дахин баталгаажуулж, дагаж мөрдсөнөөр түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна. Зохион байгуулалтын арга хэмжээ мөн авч байна.