Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй юм. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд барилгын дүгнэлт гаргуулах, татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ч өмчлөгчид өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Барилгын тухай хуулиар барилга байгууламжууд 15 жил тутамд аюулгүй байдлын дүгнэлт гаргуулдаг. Харамсалтай нь “Хангай” зочид буудлын хувьд өнөөдрийг хүртэл нэг ч удаа аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулж байгаагүй. Тиймээс бид дүгнэлт гаргуулах хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс цаашид энэ зочид буудлыг ашиглах боломжтой юу? гэдэг дээр бид улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулна.
Хоёрдугаарт татварын өрийн асуудал. Өмнө нь 2010 онд тус барилгыг 600 сая төгрөгөөр үнэлүүлж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 2024 онд ногдох татвар нь зургаан сая төгрөг. Гэвч 2010 оноос хойш татвараа төлөөгүй. Бид зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч өмчлөгч хуулийн дагуу хариу ирүүлээгүй учраас барилгыг битүүмжилнэ. Хэдийгээр барилга хувийн өмчид шилжсэн ч хууль тогтоомжийн дагуу стандарт шаардлагыг хангах ёстой. Хувийн өмч гээд орчны аюулгүй байдлыг хангахгүй, өмчөө гэмт хэргийн уурхай болгож болохгүй. Тиймээс бид холбогдох арга хэмжээг авна" гэв.
"Хангай" зочид буудлыг "Буян"-гийн Б.Жаргалсайхан, "Номин"-гийн Т.Баярсайхан нарын компани эзэмшдэг бөгөөд сүнстэй байшин гэгддэг юм.