ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Төрийн эрх мэдэл, түмэн олны санал бодол нэг зүгт харахыг цэгцрэх хөдөлгөөн гэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-05-18

Төв талбайд 35 дахь жилдээ зохион байгуулагдаж буй УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болдог “Номын баяр” өнөө жил өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Зуны эхэн сарын нарлаг сайхан өдрөөр нээлтээ хийсэн тус номын баярыг олон зуун зохиолч нар шинэ бүтээлтэйгээ зорин ирсний нэг нь УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө юм. Энэ өдрийг угтан 50 гаруй шинэ бүтээл мэндэлсний нэг нь түүний бичсэн “Цэгцрэх хөдөлгөөн” ном ажээ.

Тэрбээр, 2016 оноос хойш ярьж буй улс орны хөгжил дэвшил, улс төрийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчинд ч цэгцрэх ёстой гэдэг утга санааг агуулсан “Цэгцрэх хөдөлгөөн” номыг туурвиснаа энэ өдөр уншигчдад өргөн барьж, уншигчидтайгаа хамт номын баяраа Төв талбайд тэмдэглэв.

Уншигчдын зүгээс номын агуулга, сэдвийн хүрээнд зохиогчтой харилцан яриа өрнүүлсэн бөгөөд Эдийн засагч Н.Энхбаяр номд орсон Үндэсний баялгийн сан буюу түүнийг хэрхэн эдийн засгийн ашигтай, үр өгөөжтэй байдлаар эргэлтэд оруулах вэ гэдгийг сонирхлоо.

Номын зохиогч Г.Занданшатар “Үр өгөөжтэй байдал, нөөцийг яаж зөв хуваарилах асуудалд төрөөс оролцдоггүй. Үр өгөөжийг зах зээлийн үл үзэгдэгч гар өөрөө хийж өгдөг. Зах зээлийн эдийн засгийн дотоод мөн чанар болох хөшүүргүүд тухайлсан нөөцүүдийг хамгийн сайн ашиглаж болохоор нөхцлөөр нь хангах ёстой. Хүмүүсийн амьдралын нөхцлийг дордуулахгүй, харин ч дээшлүүлж байдагт зах зээлийн зарчим оршдог. Норвегийн хөгжлийн сангаас жишээ авч энэхүү Үндэсний баялгийн санг байгууллаа.

Үндсэн хуульд тусгасан газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээмжтэй болгоход чиглэх санаа орсон. Үржүүлэхийн хүрд байгаа юм. Манайх шиг халамжийн сан биш. Газрын дор байгаа баялгийг ашиглаад идээд суухгүй сан болгоод, үржүүлэхийн хүрдээр арвижуулаад явна. Норвегийн сан гэхэд л сүүлийн таван жилийн дотор есөн их наядаас 14 их наяд болж өссөн. Газар дор байхаар өсөхгүй учраас зарж борлуулаад, Apple-ийн хувьцаа аваад ч болтугай өндөр өсөж байгаа хувьцаанд хөрөнгө оруулалт хийх замаар үр ашигтай болгоод, эргээх ашиглая гэсэн санаа байгаа” хэмээлээ.

Харин NTV телевизийн сэтгүүлч Т.Энэбиш “Таны ном яагаад сонгуулийн энэ жил нээлтээ хийв. Үнэхээр Монгол Улс эмх цэгцгүй болчихоод байгаа юм уу” гэдгийг зохиогчоос тодруулахад “Эхний боть нь 2016 онд хэвлэгдэж байсан. Итгэлцлийн хямрал бий болчихсон байна. Төр засагт итгэх итгэл алга болжээ. Авлига, эдийн засгийн хямрал гээд таван системийн хямралыг бичиж байлаа. Тэгэхээр үүнийг сууриар нь засах ёстой болно.

Суурийг нь яаж засах вэ гэхээр Үндсэн хуулиа өөрчлөх ёстой болно. Ардчилал гажуудсан шалтгаан хундаамыг нь буруу цутгаснаас болжээ гэж үзэж бүтээлээ гаргаж байлаа. 2016 оны номонд суурилж 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим санааг олсон. Хоёр санааг яг би өөрөө оруулж байлаа. Одоо сууриа засчихлаа. Парламентын хяналт, төлөөллийн тоогоо нэмсэн ч одоо зөв замаар орохгүй бол хөдөлгөөн дахиад гажигтаж, буруу замаар 30 жил явчих вий, будилчих вий гэж санаа зовж энэхүү бүтээлийг дахин бичлээ. Төрийн эрх мэдэл, түмэн олны санал бодол хоёр нэг зүгт харахыг цэгцрэх хөдөлгөөн гэж шинээр томъёолж номоо дахин редакторлож гаргалаа” гэсэн хариулт өглөө.

Сэтгүүлч Г.Тэгшжаргал “2016 оноос хойш монголчууд цэгцэрч чадсан уу. Та цэгцрэх хөдөлгөөн гэх мессежийг яагаад өгөөд байна вэ” гэдгийг тодруулахад УИХ-ын дарга Г.Занданшатар “2019 онд бид суурь заслаа хийлээ. Нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар УИХ мөрдөн шалгах хороо байгуулж ажиллана гэсэн заалт өнөөдөр бодит байдлаар хэрэгжээд явж байна. 2016 оны “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг том зорилт биелээд явж байна гэж дүгнэнэ.

Ард түмэн мэдээд ирэхээр хариуцлага нэхэж шаарддаг болчихлоо. Ард түмний энэ ахиц дэвшил чинь өөрөө цэгцэндээ орж буй хэлбэр юм. Хэзээ байтлаа УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асанууд нь нүүрээ улалзуулаад нээлттэй сонсголд дуудагдаж байсан юм бэ. Гурван их наядын хөрөнгийг 2022 онд авлигачдаас хурааж улсын орлого болгосон нь мөн л цэгцэлж буй нэг хэлбэр юм. Хөдөлгөөн эхлээд явж байна, цаашдаа үргэлжилнэ” гэлээ.

Эрхэм уншигч та УИХ-ын даргын энэхүү бүтээлийг “Аз хур” номын дэлгүүрийн асраас худалдан авах боломжтой бөгөөд номыг ямар нэг байдлаар үнэгүй тараах, хямдралтай худалдах боломжгүй ажээ.