ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ПРОГНОЗ: МАН илүүрхсэн, АН тавьж өгсөн “хаягдсан” тойрог

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-05-22

"Сонгогчдын боловсрол"-д зориулсан тойргийн прогнозоор энэ удаа Нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу наймдугаар тойргийг онцолж байна. Тус дүүрэг нь 2024 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулиар дангаараа тойрог болж байгаа бөгөөд нийтдээ таван мандаттай билээ.

100 гаруй мянган өрхтэй, 400 мянган орчим байнгын оршин суугчтай нийслэлийн томоохон дүүргийн нэг. Баянзүрх дүүрэгт Шинжлэх ухааны академи, түүний харьяа  зургаан хүрээлэн, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс гадна хүүхэд залуучууд эх түүхийн жимээр аялах боломжтой Монгол цэргийн музей, Жуковын музей, Оюун ухааны музей тус тус хамаардаг. Томоохон худалдааны төв, их, дээд сургууль ч нэлээд бий.  Оршин суугчдынх  ихэнх гэр хороололд амьдардаг, өөрийн гэсэн нэгдсэн эмнэлэггүй, нийслэлийн цор ганц дүүрэг гэдгээрээ бусдаас ялгаатай. Ингээд нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр нэр дэвшихээр намаасаа дэмжлэг авсан улстөрчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дахин мандатаа авч чадсан МАН-ын тавын хэн нь хэн бэ

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших мандатаа өвөртөлсөн нэр дэвшигчдийг улс төрийн намууд хуулийн хугацаанд тодруулж, олон нийтэд зарласан билээ. Энэ удаагийн сонгуульд намууд нэр цэвэр, шударга, боловсролтой, шинэ  залуу үеийн төлөөллийг дэмжих бодлогыг илүүтэй баримталж, эрэлхийлсэн хэмээн мэдэгдэж буй. Тухайлбал, МАН-аас ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг УИХ-ын наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт сойхоор болжээ. Ах намын тухайд муугүй л сонголт хийжээ. Аль, аль нь тойрогтоо танигдсан, тодорхой хийсэн бүтээсэнтэй нэр дэвшигчид байх аж. Гэхдээ тэдэнд итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдгийг сонгогчид шийднэ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн хугацаанд нэлээд попорч, МАН доторх маргааны сэдэв болж байв. Тэрбээр нүүрсний хяналтын сонсголыг даргалж, намынхаа хэд хэдэн нөхдийн эрх ашгийг хөндөж, талцал үүсэх шалтгаан болж байлаа. Учир нь намынхаа дарга болон парламентын спикерийн ивээлд багтсан тул нэлээд зоримог хандаж, генсекийнхээ эсрэг дайтсан нэгэн. Удирдлагуудынхаа итгэлийг олсон түүнд ХЗДХ-ийн яамыг удирдах, толгойлох мандат гэрлийн хурдаар олдсон. Магадгүй өөрт олдсон боломжоо дөрвөн жилийн хугацаанд хангалттай ашигласан гишүүдийн тоонд Б.Энхбаяр багтаж байгаа юм.  Судалгаагаар ч чамгүй өндөр гарч ирсэн байна лээ. Гэтэл түүний хувьд сонгогдсон дүүрэгтээ хийж, бүтээсэн зүйл ховор. Үзэгдэж, харагдсан ч цөөхөн. Тиймдээ ч тойрог сэлгэх тухай яриа гарч байсан ч аргагүйн эрхэнд эргэж очиход хүрэв. 

УИХ-ын чуулганы индэр дээрээс тодорч, нүүрсний сонсгол далимдуулан нийтэд гарч ирснээр өөрөөр хийсэн, онцгойлсон ажилгүй бүрэн эрхээ дуусгавар болгов.  Олигтой хийсэн бүтээсэн зүйлгүй түүнд Хотын дарга Х.Нямбаатарын ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа санаачилсан, хэрэгжүүлсэн томоохон хуулийн төслүүдийг л өөртөө нааж үлдэх сонголт үлдлээ. Түүнд дахин итгэл үзүүлэх эсэхийг баянзүрхчүүд шийдэх нь ээ. 

УИХ-ын эмэгтэй гишүүнд дундаа нэр хүнд сайтай, эрдэм боловсролоор гологддоггүй хүн бол яах аргагүй ХНХ-ын сайд Х.Булгантуяа билээ. Өнгөрсөн хугацаанд элдэв дуулиан шуугианы эзэн бололгүй үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлсэн нь нэр дэвших мандатаа өвөртлөх шалтгаан болсон биз. Намын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж буйн хувьд жагсаалтад "нуугдах" боломж байсан ч тэр тойрогтоо очихыг илүүд үзжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд тойргоо багагүй "усалсан" бөгөөд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн ажлуудад  анхаарч ажиллажээ.

Баянзүрх дүүргийн жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгч нарын асуудлыг шийдэж, тэдний хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ болон хуулийн төслийг шийдэж өгсөн юм билээ. Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулж, тэдний эрх ашгийг хамгаалсан зүйл заалтуудыг шинэчилж, өөрчлөв.

Асрах газрын хүүхдийн асуудлаас эхлээд тэднийг хамгаалах, мэргэжлийн байцаагчийг хүртэл хуулиар шийдэж өгчээ. Өөрөөр хэлбэл, хариуцсан ажлаа маш сайн гүйцэлтэйгээр үргэлжлүүлж яваа залуу үеийн төлөөлөл юм. Тиймдээ ч жагсаалтын эмэгтэй квот руу дайралгүй, тойрогт өрсөлдөх сонголтыг тэр хийсэн байх.  

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг хариуцсан түр хороог даргалж, ТҮЦ, граж зэргийг буулгах санал дэвшүүлэн тэр хэрээрээ гүйцэтгэлээ сайн хийсэн учраас энэ удаа мандатаа түүртэлгүй авч чадав. ТҮЦ, гражны оронд Улаанбаатар хотын гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллажээ. Мөн сонгогдсон тойргоо сайтар "усалж", эргэх холбоотой байсан учраас судалгаагаар өндөр гарч, тэр хэрээрээ намдаа ч дэмжлэг сайтай. Идсэн, уусан нэр зүүлгүй яваа нь мандатаа авах шалтгаан болсон аж.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд тойргоо багахан усалсан, арчилгаа тордлогоо бага хийсэн гишүүдийн тоонд багтаж байгаа ч рейтингээр нэгээр гарч ирсэн гэх. Гэхдээ эрүүл мэндийн олон байгууллага Баянзүрх дүүрэгт байдаг нь салбарын хүмүүсээ анхаарч ирсэн нь ихээхэн дэмжлэг болсон биз. Тэрбээр сонгогдсон цагаасаа Эрүүл мэндийн сайдын суудалд санаархаж байсан ч хүслээ гүйцээж чадалгүй үүрэгт ажлаа дуусгаж байна. Өнгөрсөн хугацаанд түүнд авторлох зүйл бага байсан учир Эмийн хяналтын сонсголоор унасан нэр хүнд нь бага зэрэг өссөн.

Гэвч шийдэл байхгүй сонсголоо өндөрлөж, Монголд эмийн зах зээл ямар хэмжээнд хүрснийг харуулаад өнгөрсөн. Юутай ч намаасаа дахин нэр дэвшихээ эрхээ өвөртөлсөн түүнд баянзүрхчүүд дахин итгэл үзүүлэх эсэхээ шийдэж, дүнгээ тавих байх аа.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цар тахал болоод үер усны үеэр гарч ирдэг онцгой албан тушаалтан. Үүрэгт ажилдаа томилогдсон цагаас эхлээд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт зэргийг амжилттай хийсэн. Хамгийн чухал нь хогондоо дарагдсан байсан дүүрэг хогноосоо салсан нь түүний гол гавьяа. Тэрбээр, сонгогдсон гишүүдтэйгээ гар нийлэн ажиллаж явсаар УИХ-д өрсөлдөхөөр гарч ирэв. Намынхаа ивээлд багтаж, нэр дэвшихээ эрхээ авсан түүнд ард иргэдээс ямар санал өгөхийг таашгүй. Сайн удирдлагатай дүүрэг тул хөгжлөөрөө цаашдаа үргэлж манлайлж байхын тулд бодлогын түвшинд орж ажиллах учиртай гэсэн сонголтод тань дүүргийнхэн нь хариу өгөх нь ээ. 

АН-ын харьцангуй онол буюу сул сонголт

АН Баянзүрх дүүрэгт танхимаа өгчихсөн мэт сонголтыг хийжээ. Учир нь МАН-аас нэр хүндтэй, мөнгөлөг хэсгээ тус тойрогт дэвшүүлж байхад АН харин намаа чирээд орчих лидергүй сул сонголт хийсэн нь гайхшрал төрүүллээ. Нэр хүнд сайтай, залуу үеийн төлөөллийг илгээх нь зөв. Бодлого, зорилго нь ч тийм байх. Гэхдээ санал хуваахуйц, эн тэнцүү өрсөлдөх хэмжээний “гал” гарсан тулааныг харуулах сонголтыг хийж чадсангүй хэмээн хувьдаа жаахан чамлав. Гэхдээ итгэл найдварын гал бий.

Баянзүрх дүүргийн иргэдийн  хувьд таамаглахад хэцүү сонголтыг хийдэг.  Ер нь сонголт тал дээр нэлээд савлагаатай. Санаанд оромгүй шийдвэр гаргадаг учир хойш ухрах, шалтгаан байхгүй. Үүнийг ч гэсэн АН бодолцсон байх.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Ц.Жадамбаа нар бас ч тийм гологдох сонголт биш билээ. Аль, аль нь улс төрийн туршлагатай, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, олны тодорхой хэсэгт танигдсан. Иймд Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт намынхаа хэдийг дагуулаад, их тулаанд орох нь ээ. Түүний хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, мөн НИТХ-д хоёр ч удаа сонгогдсон ажилласан туршлагатай. Тэр хэрээрээ дүүргийнхээ асуудлыг мэддэг, иргэдийнхээ сонголтыг ч гадарлаж байгаа болов уу. МоАХ-ны дэмжлэгтэйгээр улс төрд өнөө хүртэл зүтгэсэн түүнд итгэл үзүүлэх эсэх нь баянзүрхчүүдээс хамаарна.

Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгатын хувьд иргэд сонгогчдын нэгээхэн хэсэг таних бөгөөд 2020 онд орон нутгийн сонгуульд итгэл үзүүлсэн учир түүнийг дэвшүүлж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд намын тамга, тэмдэгний маргаанд  гол дүр эзэлж, дуулиан, шуугиан дунд явсан учир олон нийт багагүй гадарлаж байгаа байх. Тэрбээр, С.Баярцогтын тэргүүлж байгаа "Гранд Монгол" фракцид харьяалагддаг нэгэн.

Түүний дараа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбаа гэдгээр олон нийт таних АН-ын залуу өрсөлдөхөөр явсан ч өчигдөр нэрээ татаж буйгаа мэдэгдчихэв. Намдаа гайгүй албан тушаалтан явсан түүний хувьд АН-ыг засагласан он жилүүдэд ТҮЦ машиныг Монголд нутагшуулсан гэж хэлж болно. Өмнө нь сонгуульд өрсөлдөөд ялагдаж үзсэн туршлагатай

Эмэгтэй квотод орж ирсэн Г.Ууганцэцэг нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулж, олон нийтэд мэдээлэл түгээдэг нэгэн. АН-ын гишүүнээр саяхан элссэн, улс төрийн туршлага муутай.  Мөн эрх зүйч мэргэжилтэй Г.Болормааг МоАХ-оос дэвшүүлж байгаа бөгөөд нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн даргаар ажиллаж байжээ. Гэхдээ улс төрд тэр дундаа тойрогт өрсөлдөхөөр сонгогдоно гэдэг бол чамлахаар амжилт биш. Хамгийн чухал нь улс төрийн зөв өрсөлдөөний жишиг тогтоож, шударга, зарчим ч байгаад тактик сайтай байвал хэн  ч ялж болох савалгаатай тойрогт намууд хүнээ илгээв.

ХҮН-ын хөзөр П.Наранбаяр

ХҮН-аас П.Наранбаяр, Б.Цэцэгбал, Г.Баттөмөр, Д.Батцэцэг, Б.Алимаа нарыг сойхоор сонгожээ. ХҮН-ын ганц итгэл найдвар нь П.Наранбаяр байх. Магадгүй Т.Доржхандын найдлага тавьж буй хамгийн зөв хөзөр болов уу. Олон нийт түүнийг "Шинэ Монгол" сургуулийн багш гэдгээр нь мэдэх билээ. Мэдлэг боловсрол эрэлхийлсэн энэ цагт үед нүдээ олмон сонголт бол П.Наранбаяр юм. 2020 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тиймээс түүнийг дагуулж, шинэ залуу үеийн төлөөллөө илгээсэн болов уу. 

Ц.Оюунгэрэлийн сонголт болох Т. Доржготов гэж хэн бэ 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас өрх тусгаарлаж, ИОНН-ыг байгуулж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцож байгаа билээ. Тэрбээр, намаасаа Түүчинтавын Доржготов гэх гадаадад боловсрол эзэмшсэн  залууг УИХ-ын наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт сойхоор болсон байна.

Залуу үеийн чадалтай боловсролтой төлөөллийн нэг хэмээн яригдаж буй Т.Доржготовын тухайд Кембридж, АЙ ВИ хөтөлбөрийн мэргэшсэн зөвлөх, тооны багш мэргэжилтэй. 

Т.Доржготов нь Глобал, Хүмүүн зэрэг олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажилласан  туршлагатай  бөгөөд одоо  "Хүмүүн" сургуулийн АЙ БИ хөтөлбөр хариуцан зөвлөх багшаар ажилладаг байна. Тэрбээр “Боловсролын ялгааг арилгаж, хүүхэд бүр олон улсын хөтөлбөрт нийцсэн тэгш  боловсрол эзэмших ёстой” гэж үзэн Ц.Оюунгэрэлийн намын гол хөзөр болж, цоо шинэхэн намаас нэр дэвших мандатаа өвөрлөжээ.