ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэлээ

O.Admin
2024-05-22

Засгийн газрын хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа. 

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (EPC 01) -ийн ажлын хүрээнд ашиглалтад оруулж буй дэд бүтцийн болон иргэний барилга байгууламжуудын ашиглалт, арчлалт, хамгаалалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд ба хуваарилах станцуудын арчлалт, хамгаалалтыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбараар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгав. Өнөөдрийн байдлаар түүхий тос дамжуулах 230 км хоолойг гагнаж, чанарын шалгалт хийгээд байна.

Товч мэдээ: 

·      “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу авч хэрэгжүүлж, шаардагдах эх үүсвэрийг тооцож, зохих ёсоор шийдвэрлэж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

·      Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.