Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.
Хуралдаанаас гаргасан онцлох шийдвэрүүдийг танилцуулбал:
-Улсын хэмжээнд тулгамдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахаар төсвийн тодотголыг ирэх даваа гарагт УИХ-д өргөн барихаар болов.
-Хамтарсан Засгийн газрын гэрээний явцыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-Төрийн бүтээмж, хүртээмжийг нэмэгдүүлж, салбар хоорондын уялдааг хангах ажлын хүрээнд 51 хороог 30 болгон нэгтгэлээ.
-Төрийн бүх шатны байгууллагыг цахимжуулж нэгдсэн ERP системтэй болгох ажлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Н.Учрал сайд хэлэхдээ "Хамтарсан засгийн газрын гэрээ, төсвийн тодотголыг өргөн барина. Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлж эхэллээ. Мөн туннель гаргах, Туулын хурдны замаас Засгийн газрын шинээр баригдах газартай хэрхэн холбогдох талаар судаллаа. Төслөөр зөвлөх үйлчилгээ авах төсвийг мөн тодотголд суулгаж өгөх юм. Нийслэлийн түгжрэлийн асуудлаар гурван намын хамтарсан Засгийн газар ажиллах болно. Мөн Үндэсний эвсэл, ИЗНН-аас саналаа ирүүлснийг үйл ажиллагаандаа тусгаад явна. Герман улсад улс төрийн намуудын төлөөлөл уулзаж тодорхой мөрийн хөтөлбөрүүдэд тусгах саналаа ярилаа" гэв.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАН-ы заалтууд дээр төвлөрчээ. Харин эдийн засгийн асуудлаар АН-ын амлалтыг гол чиглэл болгосон бол ХҮН намын тухайд засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг гол чиглэлээ болгосон аж.
.Ирэх даваа гарагт намууд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголоо танилцуулж, гэрээгээ зурахаас гадна төрийн байгууллагын бүх вэб сайтуудыг нэгтгэх ажлыг мөн хийж байгааг Н.Учрал сайд дуулгав.