ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев гэж хэн бэ

O.Admin
8 цагийн өмнө

Казахстаны Ерөнхийлөгч ном унших, ширээний теннис тоглох, алхах дуртай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдөр төрийн айлчлал хийх гэж байна. 

Ерөнхийлөгчийн хувиар анх удаа айлчлал хийх гэж байгаа К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайдын хувиар, 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарын Ерөнхий захиралын хувиар манай улсад ирж байсан юм. 

Ерөнхийлөгч К.Токаев 1953 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Алматы хотноо төрсөн. Их жузын Жалайр овгийн хүн. Касым нь “өгөөмөр” гэсэн утгатай араб, Жомарт нь “эрэлхэг, зоригтой” гэсэн утгатай казах үг юм. 

Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа 2019 онд болсон ээлжит бус сонгуулиар К.Токаев төрийн тэргүүнээр сонгогдсон.

Тус улсын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу (Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байх бөгөөд дахин сонгогдохгүй) 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болсон ээлжит бус сонгуульд 81.31 хувийн санал авч, дахин сонгогдсон.

Орос, хятад, англи, франц хэлтэй. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, улс төрийн шинжлэх ухааны доктор цолтой. 
К.Токаев 2021 оноос Казахстаны Ард түмний Ассамблейн дарга, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүйн Зөвлөлийн даргаар ажиллаж байна. 

Ном унших, ширээний теннис тоглох, алхах дуртай. Оюутан байхдаа ширээний теннисийн спортын дэд мастер болсон гэдэг мэдээлэл байдаг. 

2016-2018 онд улсынхаа Ширээний теннисийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан. 2022 онд Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Т.Эрдоантай теннис тоглож байсан удаатай . 
К.Токаев 1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академи төгссөн.

1975 онд    ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч 
  
1975-1979 онд    ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан

1979-1983 онд    ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан
    
1983-1984 онд    Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч
     
1984-1985 онд    ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1985-1991 онд    ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
 
1992-1993 онд    БНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд

1993-1994 онд     БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд

1994-1999 онд     БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

1999-2002 онд    БНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд

2002-2003 онд    БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2003-2007 онд     БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

2007-2011 онд    БНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын дарга
2011-2013 онд    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга  

2013-2019 онд    Казахстаны Сенатын даргаар ажиллаж байсан.