Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал улсын төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсвийг хүчингүй болгож, УИХ-аар дахин төсвийн төслийг хэлэлцэж буй энэ цагт нэр бүхий аймгууд төсөв хэлэлцэн баталсан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдэв.
Н.Учрал сайд хэлэхдээ "Улсын төсвийг батлаагүй байхад Нийслэл, Төв аймаг, Завхан аймгуудын ИТХ төсвөө баталсан нь, хурлын тогтоол нь хууль тогтоомж, Засгийн газар харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.
Улсын төсөв батлагдахаас өмнө аймаг, орон нутаг, иргэдийн хурал, хуралдаанаа зохион байгуулж төсвөө баталсан нь хууль зөрчиж байна. Төрийн байгууламжийн хувьд манай улс нэгдмэл улс" хэмээжээ.