ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Уран олборлох гэрээний онцлох 10 заалт

O.Admin
8 цагийн өмнө

Оюутолгойгоос хойшхи гуравдагч хөрштэй хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ болох Франц улсын “Орано майнинг”-тай хийж буй уран олборлох гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Засгийн газрын гуравдахь том мега төсөол болон тус төслийг хэрэгжүүлж эхэлснээр алдагдалтай, ажилласан эсэхээс үл хамааран ашгаа жил бүр өгөх, монгол ажилчид 90 хувьд ажиллах, залуус эх орондоо 7-12 сая төгрөгийн цалин авах, 5 тэрбум ам.долларыг эдийн засагт оруулж ирэх юм.

Эрчим хүчний хараат байдлаас гарах том төслийг гараанаас гаргахын төлөө хамгийн их хүчин чармайлт гаргаж ажилласан хүмүүс бол эрдэмтэн судлаачид хийгээд Эрдэнэс Монгол ХХК-ийн баг хамт олон билээ. Тэд энэхүү төслийг боловсруулахын тулд жил гаруйн хугацаанд уйгагүй ажиллаж, Монголын талын зургаан ажлын хэсгийг зохион байгуулсан билээ. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт төслийн онцлох заалтуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас гуравдагч улстай байгуулж буй хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс орон нутгийн төсөвт нэмэлт орлого төвлөрүүлэх, шинээр ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, улмаар олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг нийгэм, эдийн засгийн шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд сайн жишиг тогтоох үр дагавартай юм.

    Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийсний үр дүнд, Монгол Улсын эрх ашиг,  Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцөлүүдийг гэрээнд тусгаад байна” гэлээ.

Төслийн онцлох заалтуудыг дурдвал, 

1/ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэнэ.

2/ Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай “өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр”-г Засгийн газарт нэмж төлөх нөхцөл гэрээнд тодорхой тусгагдсан.

3/ Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2,0 тэрбум ам.доллар, нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрнө.

4/ Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г шууд эзэмшиж, тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй

5/ Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. Түүнчлэн, АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляц тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгасан.

6/ Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа зөвхөн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамруулахгүй. Төслийн хүрээнд олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох хамгийн сүүлийн үеийн технологиор явуулах, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр 3 жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх

7/ Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авах

8/ Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй нь болон, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдох

9/ Гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар, мөн гэрээний зүйл заалтуудад хуулийг тогтворжуулахгүй байх

10/ Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх, талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байх зэрэг нөхцлүүлийг тус, тус тусгаж өгчээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх нь ээ.