2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ нь шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хялбар байдлыг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Энэ хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд болон “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагууд, болон төлөөллүүд оролцсон хамтарсан уулзалтыг /2025.02.11/ зохион байгууллаа.
Уулзалтаар төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Одоогоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын E-Mongolia системээр үзүүлж буй нийт 27 үйлчилгээний дотор хамгийн их хандалттай топ 3 үйлчилгээг дурдвал:
-
Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа: 297,201
-
Газар эзэмших эрхийн лавлагаа: 243,321
-
Хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа: 118,458 тус тус иргэн авсан байна.
Цаашид иргэд газар эзэмших хүсэлтээ төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр илгээх үйлчилгээг нэн түрүүнд цахимжуулах шаардлагатай байгааг онцоллоо. Мөн уулзалтын үеэр 40 орчим үйлчилгээг цахимжуулах шаардлагатай гэдгийг уулзалтад оролцогчид дурдав. Энэ нь иргэдэд илүү хялбар, хурдан үйлчилгээг хүргэх зорилготой бөгөөд цахим шилжилт, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал алхам болох юм.
Хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хийж буй уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулсаар байх болно.