ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байшиндаа дулаалга хийлгэсэн айлын түлшний зардал буурчээ

O.Admin
8 цагийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас өнөөдөр /2025.03.12/ “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд дулаалсан байшинтай танилцав.

Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22, 7 дугаар хорооны хоёр айлын байшинг дулаалсан байна. Тухайн айлуудын нэг нь VII хорооны иргэн У.Насанбатынх бөгөөд тэдний 7х6 хэмжээтэй байшингийн хана, суурь, дээврийг дулаалж, хаалгыг нь сольсноор эрчим хүчийг 45 хувиар хэмнэж, жилд 11.6 тонн хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлснийг эрчим хүчний аудиторын дүгнэлтээр баталгаажуулжээ.

Тухайн айл дулаалга хийлгэхээс өмнө сард 200 мянган төгрөгийн түлш хэрэглэж, өдөрт 2-3 удаа галладаг байсан аж. Харин дулаалга хийлгэснээс хойш түлшний зардал нь 100 мянган төгрөг болон буурч, өдөрт нэг удаа галлан, агаарын бохирдлыг бууруулах ажилд хувь нэмрээ оруулж буйгаа гэрийн эзэн У.Насанбат ярив.

Төслийн хүрээнд тус байшинд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байршуулж, халаагуур суурилуулан янданг буулгах юм байна.