УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Бидэнд иргэдээс нэг мэдээлэл ирсэн юм. Тэр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой.
Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй гэж үзсэн юм. 2006 оны гуравдугаар сарын 23-нд “Женко групп”-ээс БНСУ-ын “Дэйвү Интернешнл” компани руу явуулсан албан бичиг байгаа юм. Компани хооронд явсан энэ бичигт хэд, хэдэн ноцтой асуудал байгаа.
Нэгдүгээрт, 20 гаруй жилийн өмнө банк санхүүгийн салбарт Номарангийн хэрэг гэж олон хохирогчтой, 10 гаруй сая ам.долларын хохиролтой ноцтой хэрэг гарсан. Гэтэл “Номаранг”-тай холбоотой Голомт банк болон Монгол шуудан дээр нээсэн хохирлыг миний бие хүлээнэ гэж бичсэн байсан.
Хоёрдугаарт, Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг зарж байна, Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн санал байгаа юм. Энэ нь өнөөдрийн яригдаж буй “Төгрөг” нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Шалгаж байгаа газар нь үүнийг хүргэх ёстой гэж үзлээ.
Гуравдугаарт, 2006 онд энэ бичгийг явуулж байхдаа Х.Баттулга гэж хүн УИХ-ын гишүүн байсан. Бизнес хийгээд газар орд зарах бичиг явуулах байтугай жирийн ажил эрхлэх боломжгүй байдаг. Үндсэн хуулиараа хориглосон байсан. Тиймээс иргэдээс ирсэн энэ мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой гэж үзлээ” хэмээлээ.