ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эдийн засгийн өсөлтийг ирэх онд зургаан хувь байхаар тооцов

O.Admin
3 цагийн өмнө

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.05.14/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь 1993-2003 онд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Далайван дунд сургууль, 2003-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавар, 2004-2010 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана.

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэв. Гишүүд цаашид стратегийн баримт бичгийн шалгуур, хэрэгжилтийн талаар анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсч, нэрлэсэн ДНБ 80 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн байна. Эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байхаар төсвийн төсөөлөлд тооцож тусгажээ. Дунд хугацаанд зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг голлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт тогтворжих бол хөдөө аж ахуйн салбар, худалдаа үйлчилгээ, боловсруулах болон барилгын салбарын өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт 6 хувиас дээш байхаар тооцсон гэдгийг Засгийн газраас танилцууллаа.