ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орноосоо орж ирсэн “нялх” улстөрчид ордонд тэнцэхгүйг улсаараа харав  

O.Admin
5 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд шөнөөр хуралдсан МАН-ын Бага хурлаас улс төрийн шийдвэр гаргахдаа “Хамтарсан гэрээгээ хамгийн ихээр зөрчиж, дунд, доод шатандаа ойлголцож ажиллаж чадахгүй байгаа АН-ыг Засгийн газраас гаргах ёстой” гэдэг улс төрийн шийдвэр гаргаснаа лхагва гарагийн үүрээр зарлав.

Товчхондоо, төв талбайд өрнөж буй Ерөнхий сайдын орлогоо нотлох улс төр хэний, юуны эрх ашгийг хөндсөнийг МАН-ынхан ил тод зарлах бус эсрэгээрээ халуун хөнжилд орсон хамтрагчаа араас нь “хутгалаад”, хоёрдугаар ээлжээ хоолондоо урихаар шийджээ. Аравхан сарын настай байсан энэхүү хамтрал харамсалтай нь жилийн ойгоо ч хийж чадахгүй тарж бутрахад хүрэв. Ингэснээр Засгийн газраас АН-ын найман сайд гарч, тэр хэрээр бусад төрийн албанд тавигдсан дунд, доод шатны удирдлагууд ч ажлаасаа бууна гэсэн үг.

МАН өөрсдийн хүмүүсээ томилж, бусад улс төрийн намтай эвслээ гэхэд тэдний томилгоо хийгдэх нь ээ. Дахиад л баахан халаа сэлгээ, төрийн албаны эмх замбараагүй, тодорхойгүй байдал үргэлжлэх бололтой. Дунд, доод шатандаа хөлөө олох гэж байсан АН-ын олон залуус бүлэглэлд үйлчилж гүйсэн таван улстөрчийнхөө ялыг үүрээд дахиад гудамжиндаа гарцгааж байна. Мөн Засгийн газрын хамтрал руу намаа оруулж, ял зэмийг нь үүрээд явна аа хэмээж байсан намын дарга Лу.Гантөмөр албаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр МАН-аас дутахгүй хөл хөдөлгөөн АН-д өрнөх нь тодорхой болов.

АН-ын дарга Лу.Гантөмөр хэлэхдээ “МАН-ын залуу үе ах нараасаа өөр байж чадсангүй. АН бол хууль зөрчөөгүй, худлаа хэлээгүй. Бид бүх талаар хамтралд үнэнч байсан. Нэг гишүүн гараад шүүмжлэхээр огцордог засаг гэж юу байсан юм бэ. Би гишүүдийнхээ амыг боох гэрээг байгуулаагүй. Гишүүдээ намаас хөөхгүй. Гэхдээ гэртээ орондоо хэвтэж байгаад жагсаалтаар гишүүн болж орж ирчихээд намынхаа бодлогын эсрэг зогсож байгаа хүмүүстэй бол хариуцлага, ёсзүй ярих ёстой юм билээ” гэсэн байр суурийг хатуухан илэрхийлэв. Туйлын үнэн бол энэ юм.

Хамтарсан Засгийн газрыг хамгийн түрүүнд огцруулах ёстой гэж гүйж гарч ирсэн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг чин үнэнийг хэлэхэд монголчууд огт танихгүй. Тэр тусмаа хоёр эмэгтэй бол орон дотроо хэвтэж байгаад л улстөрч гэх нэр зүүсэн нь хатуу ч гэлээ үнэн. Намын анхан шатнаас эхлээд олон жил улс төр хийж, татвараа үнэнчээр төлж, алдаа оноо, уналттай нь цуг байсан олон хүний урдуур тэд дайрч, гишгэлж тооноор улс төрд орж ирсэн.

Хүний эрхийн хуульч Р.Булгамаа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа гэх мэт намынхаа алдаа оноотой цуг байсан мундаг эмэгтэйчүүдийг хүртэл АН-ынхан жагсаалтаас жийж байгаад хөөрхөн царайнаас өөр гайхуулах зүйлгүй энэ хоёр эмэгтэйг намынхаа жагсаалтад оруулж ирж байв. Гэтэл энэ хоёр нь ардчилалд итгэдэг, ардчиллыг дэмждэг мянга, мянган хүний өгсөн саналаар Төрийн ордонд орж ирчихээд бүлэглэлд үйлчилж, тэдний хүслийг биелүүлэх гар хөл нь болж, хоолтойгоо залгаад байсан олон зуун залуусыг буцаагаад гудамжинд гаргах бохир улс төр хийнэ гэдэг дэндүү увайгүй зүйл юм.

АН-аас амьдрал, ажлаа ч салгахыг хүсдэггүй хэдэн “өвгөн” улстөрчдийн халаасны хүмүүс намын жагсаалтаар гарч ирээд ямар том гай тарьж болохыг эдгээр дөрвөн залуу үлгэрлэн үзүүлэв. Залуус улс төрд орж ирэх ёстой, мэдлэг боловсролтой шинэ үеийг дэмжих ёстой гэдэг үгнээсээ буцмаар санагдах муухай улс төрийг тэд эхлүүллээ. Тэд шударга ёсыг шаардсандаа тэнд суугаагүйг та бид бүгд мэднэ. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гар хөл болж зараалд нь тэд гүйлээ. MCS-ийн байранд үнэгүй амьдарч буйн хөлсөө тэд төллөө. Тэдэнд нам, түүний цаана байгаа олон зуун залуусын хувь заяа, амьдрал, арайхийж ажил албатай залгасан байх эсэх нь огтоос хамааралтай байгаагүй нь харин цор ганц үнэн билээ. Тэд АН-ын нэрийг барьж, том төслүүдийг хөдөлгөх гэсэн эрх ашгийг зогсоож улсаа ч, эгэл жирийн гишүүдээ ч хорлолоо. Залуу хүмүүс атлаа улс орноо дахиад 20-30 жилээр ухраах хорлонтой улс төрд оройлон тоглов.

Чин үнэнийг хэлэхэд, төв талбайд өрнөсөн энэхүү тавилттай жүжиг орд газраа өгөхгүй гэсэн компани, орлого мөнгөө таслуулахгүй гэсэн нам дамжсан улстөрчдийн эрх ашгийг гүйцээж, түүнийг нь таслахаар санаархаж буй Ерөнхий сайдыг замаасаа зайлуулах, өөрсдийн замаасаа холдуулах улс төр байсныг эдгээр жагсаалтын залуус мэдэхийн сайнаар мэдэж буй ч хандив, байрны түрээсээ төлөх явцуу эрх ашгийнхаа төлөө нэр нүүрээ худалдаж чадлаа. Жагсаалт гэдэг зүйл ямар хортой болохыг ч үлгэрлэн харуулав.

Том улстөрчийн нөмөр нөөлгөөр тооноор орж ирсэн улстөрч гэх баг өмссөн этгээдүүд чухамдаа ямар хүмүүс байдгийг ч яруу тодоор харуулж өглөө. Тэд бол эх орончид биш. Хууль тогтоогчид ч биш. Товчхондоо, эрх чөлөөний үнэ цэнээр далдалж эх орныхоо эсрэг сөрөн зогсогчид хэмээн түүхэнд тодоор бичигдэх биз. Гэтэл МАН-ын жагсаалтын сонголт ямар зөв байсныг, яагаад номер нэг дээр намын даргаа бус инженер, төлөвлөгч залууг оруулж, ар араас нь яг л тийм чамбай, нямбай сонголт хийж байсныг та бид алхам тутамдаа харж байгаа.

Улсын хөгжлийн төлөө дуугарч чаддаг, буруу зүйл байвал шүүмжилж чаддаг, даатгаад өгсөн ажлын ард даацтайхан гарчихдаг шинэ үеийнхэн МАН-аас жагсаалтаар орж ирээд улс төрд шижигнүүлж байна. Харин АН-ын жагсаалтынхан улсын хөгжлөө улдан гацаах, гар хөл болох ажлаа тун сайн гүйцэтгэлээ. Дараа, дараагийн сонгуулиар жагсаалтад “орон дотор”-оос гарч ирсэн, намын даргынхаа араас хутгалж чадах сийхгүй луйварчдаа бус ажил хийж мэддэг, ачааны хүндийг үүрэлцдэг, намын гишүүдийнхээ зовлон жаргал дундуур туучаад гараад ирсэн хүмүүст боломж олгох ёстойг ч АН-ынхан эдгээр дөрвөн “шалдан” залуусаасаа мэдэрсэн гэж найдъя.